2023.09.19

Иргэд хөдөө орон нутагт тулгамдаж буй олон асуудлын талаар саналаа хэллээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар уулзалтаар хууль санаачлагчийн хувиар санаачлан батлуулж буй хууль тогтоомж, Хөвсгөл аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар танилцуулж, иргэдийн санал бодлыг сонслоо.

Цагаан-Уул сумын иргэдийн зүгээс Тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр анхаарч, тусгай хэрэгцээнд зориулсан байрыг тохижуулах, иргэдийн орлогыг дээшлүүлэх зорилгоор малын гаралтай түүхий эдийг бэлтгэх “Арьс шир боловсруулах үйлдвэр”-ийг тоног төхөөрөмжөөр хангах, залуу малчдыг дэмжиж тэдгээрт зориулсан тусгай хөтөлбөр, бодлого хэрэгжүүлэх, алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн туслалцаа саадгүй авах бололцоог бүрдүүлж Эрүүл мэндийн төвийг шаардлагатай автомашинаар хангах зэрэг асуудлуудыг тавьж өөрсдийн санал бодлоо хуваалцлаа. Түүнчлэн, Тэтгэврийг бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлтийг харгалзан жил бүр нэмэгдүүлж, тэтгэврийн худалдан авах чадварыг сайжруулах, тэтгэврээ өвлүүлэх зэрэг саналыг тус сумын ахмадууд хэллээ.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 438 хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлээ. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс болон Хөдөөгийн шийдэл компанийн төлөөлөл тус суманд ажиллаж, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэлээ.

Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэг шинээр баригдаж ашиглалтад орлоо. Ингэснээр Баянзүрх сумын хүүхэд багачууд маань хичээлийн шинэ жилд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох боломж бүрдлээ. Баянзүрх сумын хуучин цэцэрлэгийн барилга 1966 онд аж ахуйн аргаар баригдсан нэг давхар гурван байртай бөгөөд 2015 онд ашиглалтын хугацаа дуусаж онцгой байдлын газрын акт гарсан байдаг. Иймд сумын удирдлагууд, багш ажилчид, эцэг эхчүүдийн зүгээс шинэ цэцэрлэгийн байртай болох хүсэлтийг удаа дараа тавьсны дагуу 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг улсын төсөвт тусгуулж ийнхүү шинэ цэцэрлэгийн байртай болоод байна.

Бүрэнтогтох сумын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас баримталж байгаа бодлого, Хөвсгөл аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Энэ үеэр Нийтийн халуун усны байр барих, Хүүхдийн шүдний өвчлөл их байгаа тул шүдний тоног төхөөрөмжөөр хангах, Соёлын төвийг техник хэрэгсэлтэй болгох, Шинэ хөдөө төсөлд хамрагдах зэрэг асуудлуудыг иргэдийн зүгээс тавьж байв.

Мөн сумын төвийг камержуулах, Чингүнжавын өрөөний тохижуулалт, хүүхэд залуучуудын талбайг гэрэлтүүлэгтэй болгох, Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт дээр анхаарах зэрэг санал хэлж байлаа
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт хүргэх үүднээс УНТЭ-ийн эмч нарын баг давхардсан тоогоор 421 хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn