Монгол Улсад анх удаа усан доогуур шилэн кабел тавигдлаа
Монгол Улсад анх удаа ердийн FM өргөн нэвтрүүлгийн сүлжээ ашиглан гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах EWBS систем нэвтрүүлэх болон далай доогуур шилэн кабел татаж өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн үр дүнд Хатгал тосгоны айл өрх, ард иргэд, аж ахуйн нэгжүүд болон жуулчдад байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн аюулыг цаг алдалгүй зарлан мэдээлэх, улмаар гамшгаас өөрсдийгөө хамгаалах, эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.
Гамшгийг үеийн дохио хүлээн авах, дамжуулах станцыг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум, Хатгал тосгонд суурилуулсан байна. Мөн Хөвсгөл далай доогуур шилэн кабель тавигдсанаар Хүзүүвчийн шил, Жанхай даваа орчмын айл өрхүүд, 60 гаруй гэр буудал, жуулчны баазууд өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэх юм. Хөвсгөл далайд аялж байгаа дотоодын болон гадаадын жуулчид төөрөх эрсдэл багагүй гардаг. Гамшгийг зарлан мэдээлэх систем болон интернэтийн үйлчилгээ нэвтэрснээр төөрсөн иргэд цаг алдалгүй тусламж авах боломжтой болж байна.
Энэхүү төслийг санаачилсан Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллага болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам, төслийг санхүүжүүлсэн Японы “KDDI сан болон “Өү Си Си” компани, төслийг гүйцэтгэсэн Монголын Цахилгаан Холбоо, Онцгой байдлын ерөнхий газар, Радио телевизийн сүлжээний газрын хамт олонд Хатгал тосгоны ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн өмнөөс талархал илэрхийлье.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12