Саудын Арабын Хаант Улстай байгаль орчны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд ханхүү Турки Бин Мухаммад Аль-Саудийг хүлээн авч уулзан, хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.
Тодруулбал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын COP16 дугаар бага хурал Саудын Арабын хаант Улсад 2024 онд болох тул хурлын бэлтгэл ажлын хэсэгт манай улс идэвхтэй оролцож, албан хаагчаа ажиллуулах, улс орноо сурталчлах үүднээс энэ үеэр томоохон хэмжээний павильон байршуулах боломжоор хангахыг хүссэнийг БОАЖЯ мэдээллээ.
Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Саудын Арабын Хаант Улсын “Арван тэрбум мод” санаачилгын хүрээнд хоёр орны ижил төстэй экосистем бүхий говь хээрийн бүсийг ойжуулах, усалгааны системийн зохистой шийдэлд, мөн зэрлэг амьтдыг хамгаалах, тэдгээрийн тархац нутаг, нүүдэл шилжилтийн замыг байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн оновчтой шийдэлд хамтран ажиллах, аялал жуулчлалын чиглэлд туршлага солилцох, 2 орны тусгай хамгаалалттай газрууд эгч дүү паркийн хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлт тавьж, Дундговь аймагт байрлах Гурван сайхан хамгаалалтын захиргааг санал болгон Төрийн Сайд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Саудид санамж бичгийн төслийг гардуулжээ.