МОНГОЛ УЛСАД ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ОЛОН ТАЛТ ОРОЛЦОГЧДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Аялал жуулчлалын салбарыг ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудад өргөжүүлэн нэмэгдүүлснээр хөдөө орон нутгийн хүн амын шилжилт хөдөлгөөнийг харьцангуй багасгаж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих нь үүсээд буй асуудлыг шийдвэрлэхэд туслах юм.
ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Рио Тинто ХХК (RTM) хамтран ЮНЕСКО-д бүртгэлтэй газрууд болон тус нутагт оршин сууж буй иргэдийн нийгмийн оролцоо, эдийн засагт оруулах хувь нэмрийг дэмжих, ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудын тогтвортой хөгжлийг дэмжих, соёлын болон геологийн өвд үзүүлэх нөлөөллийг багасгах зорилготой “Соёлын болон Геологийн өвөөр дамжуулан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд олон талт оролцогчдын уулзалтыг зохион байгуулж, ЮНЕСКО-Рио Тинто Монгол ХХК-ийн хамтарсан төслийн танилцуулга болон хэрэгжилтийн үйл явцыг тухай танилцууллаа.
- Төслийн талаар оролцогч талууд, тэр дундаа холбогдох яамд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, соёлын болон геологийн өвийн мэргэжилтнүүдтэй хамтран нэгдсэн ойлголтод хүрэх;
- Олон талт оролцогчидтой зөвшилцөн суурь нөхцөл байдал болон Монгол Улсад үзүүлэх ашиг тусыг хамтдаа судалж, тодруулах;
- ЮНЕСКО-Рио Тинто Монгол ХХК-ийн хамтарсан төслийн хэрэгжилтийг хангах, амжилттай хэрэгжүүлэх аргачлалыг тодорхойлох, хамрах хүрээг тодорхойлох;
Төслийн хэрэгжилтийн явцад талууд нэгнээ хэрхэн үр дүнтэй дэмжиж, хамтран ажиллах талаар төслийн оролцогч талуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх хүрээнд Улаанбаатар хотод 2 өдөр уулзалт, хэлэлцүүлэг болох юм.
Олон талт оролцоог хангуулж Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Гадаад Харилцааны Яам, Соёлын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн Соёлын өвийн асуудал эрхэлсэн олон улсын шинжээчид, ЮНЕСКО-ийн Байгалийн өвийн асуудал эрхэлсэн олон улсын шинжээчид, Рио Тинто ХХК, Соёлын биет бус өв, хүн ба шим мандлын нөөц газрууд, гео паркийн асуудлаарх үндэсний шинжээчид болон Хөгжлийн түнш байгууллагуудаас ЖАЙКА, Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Орон нутгийн төлөөлөл оролцож байна.