Ардчилсан намын бүлгээс эрх баригч намаас хариуцлага шаардлаа
2023.07.07

Ардчилсан намын бүлгээс эрх баригч намаас хариуцлага шаардлаа

Ардчилсан нам, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс эрх баригч нам /МАН/-ын засагласан 7 жилийн 70 худал амлалтыг нэрлэж, хариуцлага шаардлаа.

Өнөөдөр авлига, албан тушаалын хууль бус үйлдэл цэцэглэж ард түмний амьдрал туйлдаж байна. Монгол Улсын өрийн дарамт, нэг хүн ногдох өр 35 сая төгрөгт хүрсэн байна. Зөвхөн 2022 онд Засгийн газрын өр 8 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Гэвч нефтийн үйлдвэр, боомтын сэргэлт, эрчим хүчний чадал, авто зам аль аль нь нэмэгдсэнгүй.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх хумигдаж үзэл бодлоо илэрхийлсэн, үгээ хэлсэн энгийн иргэд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг шалгаж, хорьж цагддаг боллоо. Монгол Улсын нийтлэг эрх ашиг, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйл шударга ёсны төлөө үгээ хэлэх нь ардчилсан үндсэн хуулийн суурь зарчим юм.

Төсвийн мөнгийг завшдаг, ард түмний боломжийг хулгайлдаг, хүнд сурталд идэгдсэн засаг төр бий болсон. Тиймд бид энэ бүхний эсрэг үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг боогдуулахыг эрс эсэргүүцэх болно.
Өнөөдөр Монгол Улсын хүн амын тэн хагас нь Улаанбаатар хотод амьдардаг. Сүүлийн 3 хоногийн борооноор нийслэлчүүд бид бүгд өтгөн, шингэнтэйгээ хамт урсаж байна. Энэ бол усны үер гэхээсээ илүү авлигалын үер болж байна хэмээн УИХ-ын гишүүд мэдэгдэж цаашид тэмцэхээ илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn