Ц.Оюундарь: Улсын дээд шүүх зохион байгуулалттайгаар Ардчилсан намыг эрх зүйн чадамжгүй мэт харагдуулж байна
2022.07.18

Ц.Оюундарь: Улсын дээд шүүх зохион байгуулалттайгаар Ардчилсан намыг эрх зүйн чадамжгүй мэт харагдуулж байна

Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

-Ардчилсан намын XIV Их хурал болж өнгөрлөө. Хурлаар ямар ямар асуудал хэлэлцэв. Үр дүн юу байв?

-Ардчилсан нам энэ удаагийн Их хурлаараа гуравдугаар сарын 31-нд УДШ-д бүртгэгдсэн Үндсэн дүрмийн дагуу өнгөрөгч тавдугаар сард Үндсэний бодлогын хороогоо шинэчлэн бүрдүүлсэн. Уг хорооны гишүүдийг намын Их хурлаар батламжилдаг. Үүний дагуу нэгдүгээрт, ҮБХ-ны гишүүдийг Их хурлаараа батламжиллаа. Хоёрдугаарт, намын шинэ дүрэм батлагдсантай холбоотойгоор уг дүрмийг хэрэгжүүлж, сахиулдаг Үндсэн дүрмийн хорооныхоо бүрэлдэхүүнийг Их хурлаараа батламжиллаа. Гуравдугаарт, намын бүтэц, бүрэлдэхүүний дараа дараагийн өөрчлөлттэй холбоотой бүхий л сонгуулийг зохион байгуулдаг Дотоод сонгуулийн хорооныхоо дүрмийг намын Их хурлаар баталдаг учраас Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Энэхүү бүрэн эрхт гурван байгууллагыг Их хурлаараа албан ёсны болгож баталснаар намын доторх дараа дараагийн шинэчлэл дүрмийн дагуу хууль ёсных болж байна.

-УДШ дээр үүсээд байгаа цахим бүртгэлтэй холбоотой асуудлыг Их хурлаараа хэлэлцсэн үү?

-УДШ-ийн Тамгын газрын дарга нь Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх төлөөлөл байхгүй гэдэг тодорхойлолтыг ямар санаатай нь мэдэгдэхгүй өгсөөр байгаа. Энэ тайлбарыг хэсэг бүлэг хүмүүс барьж намын гишүүдийн толгойг эргүүлэх ажлыг хийгээд байгаа. Одоо байгаа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ 2017 онд сонгогдоод Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нэрээ бичүүлсэн. Гэтэл Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр байгаа нэр цахим бүртгэл дээр яг ижил бичигдэх ёстой. Өөрөөр хэлбэл, цаасан бүртгэл дээр үндэслэж, цахим бүртгэл дээр нэр нь бичигддэг процессыг УДШ-ийн Иргэний хэргийн шүүгч Сонинбаяр гэж хүн эрх мэдлээ урвуулан ашиглаж, цахим бүртгэл дээрх С.Эрдэнэ даргын нэрийг авч хаясан.

Сонинбаяр буруутай үйл ажиллагаа явуулсан гэдэг нь гурван шатны шүүхээр тогтоогдож, Шүүхийн мэргэжлийн зөвлөлөөс түүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, ажлаас нь чөлөөлсөн. Тухайн хүний гэм буруутай үйлдэл нь нотлогдсон гэсэн үг. Гэтэл түүний хийсэн буруутай үйл ажиллагааг УДШ засч, залруулж цахим бүртгэл дээр С.Эрдэнэ даргын нэрийг өнөөдрийг хүртэл нөхөж бичихгүй байгаа. Энэ нь Ардчилсан намыг хагалган бутаргах зорилготой хүмүүст олзлогдоод, буруугаар ойлгуулах ажиллагааг зориудаар хийж байна. Тиймээс энэхүү асуудлыг XIV Их хурлаараа хэлэлцээд засч залруулах нь зүйтэй гэж үзсэн.

Учир нь энэ асуудлаас үүдэн дараагийн намын даргыг бүртгэх УДШ-ийн журамд заасан бүрдүүлбэр материалын жагсаалт гэж бий. Уг журмын нэгдүгээрт, тухайн намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн гаргасан хүсэлт байх учиртай. Гэтэл цахимд байх ёстой намын даргын нэр хоосон байснаар одоо Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй хүн байхгүй мэт ойлголт үүсээд байна. Үүнээс үүдэн дараа дараагийн намын даргыг бүртгэх асуудалд маш том саад болж байна. Тиймээс Сонинбаярын хийсэн үйлдлийг энэ удаагийн их хурлаараа засч залруулах үүргийг намын удирдлагуудад өгсөн.Үүний үр дүнд бүх зүйл эргэлзээ маргаангүй болох учраас энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг асуудлыг өмнө нь ҮБХ-ны хурал дээр ярилцаж байсан бол энэ удаа их хурлаараа албан ёсоор ярилцаж, шийдвэр тогтоол гаргаад УДШ-д өгөх нь зүйтэй гэж үзсэн. ҮБХ-ны шийдвэрийг их хурлаараа батламжилсан гэсэн үг. Энэ мэтчилэн Их хурлаараа үндсэн дөрвөн том асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

-Тэгвэл одоо Ардчилсан намынхан үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдсэн гэж ойлгож болох уу?

-Сүүлийн үед өрнүүлж байгаа хурал, акцууд дээрээ Ардчилсан нам үнэт зүйл үзэл, баримтлалынхаа талаар байнга сурталчилж байгаа. Нийслэлийн Ардчилсан намаас “Таван эрх чөлөө” хэмээх цуврал арга хэмэээг бүх дүүргүүдэд зохион байгууллаа. Бид өмнө нь сонгуулиас сонгуулийн хооронд сонгуульд ялалт байгуулахын төлөө нэгдээд байснаас бус үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгддэггүй, үүнийхээ талаар ярьдаггүй байсан юм байна. Тийм учраас бид юуны төлөө яваад, эх орондоо юу санал болгоод байна гэдгээ гишүүд маань ярихаа больсноос болж, хүн дагаж хуваагддах байдал удаан үргэлжилж байгаа юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Одооноос намынхаа үзэл баримтлалаа сурталчилдаг болж байгаа. Тийм ч учраас намынхаа их хурлаар “Эрх чөлөө”-ний үзэл санааг илэрхийлсэн илтгэлүүд тавьсан.

-Хурлын уур амьсгал ямар байв. Цахим орчинд түгсэн зарим нэг видео бичлэгээс харахад С.Эрдэнэ даргын биед халдсан хэрэг гарсан. Түүний биеийн байдал ямар байгаа вэ?

-Намын их хурлын дараа хүндэтгэлийн хүлээн авалт болсон. Уг хүлээн авалтын нээлтэд С.Эрдэнэ дарга ирж үг хэлсэн. Биеийн байдал нь гайгүй байгаа. Холбогдох байгууллагуудад шаардлагатай мэдүүлгүүдийг өгөөд ирсэн байна лээ. Хурлын уур амьсгалын тухайд удаан хугацаанд нам хуваагдалтай мэт байсан учраас нэлээд бухимдалтай хүмүүс байсныг үгүйсгэхгүй. Тэр бухимдлаа ардчилсан бус замаар буюу хүчирхийллийн аргаар илэрхийлсэнд харамсалтай байна. Хурал зохион байгуулагчдын зүгээс ийм зүйл болно гэж бодоогүй учраас хэн ч урьдчилсан хамгаалалт гаргаагүй нь манай намын хурал зөрчил маргаан ихтэй байсан мэтээр ойлгогдсон. Ер нь бол намын даргаа солих хүлээлт ихтэй байсан хүмүүс ирсэн учраас санал шүүмжлэл хэлж, үгээ хэлэхдээ энэ талаар дурдаж байсан. Хамгийн гол нь УДШ зохион байгуулалттайгаар Ардчилсан намыг эрх зүйн чадамжгүй мэт харагдуулж байна. Тийм учраас бид цаашид хийх үйлдэл бүрээ дараагийн даргаа томилох гэж яарахаас илүү энэ бүх эргэлзээтэй асуудлаа урьдчилж засч залруулахыг хичээж байна. Ингээд хууль эрх зүйн хувьд ямар ч алдаагүй болох үүднээс дэс дараатай үйлдлүүд хийж байна. Бүх асуудал цэгцэрсний дараа дараа дараагийн асуудалдаа анхаарахгүй бол яарч шийдвэр гаргаснаар юу ч өөрчлөгдөхгүй.

-Тэгвэл УДШ дээр үүсээд байгаа цахим бүртгэлтэй холбоотой нэрний асуудал шийдэгдчих юм бол намын даргыг шинэчлэх асуудал хүссэн хүсээгүй яригдах юм байна тийм үү?

-Тэгнэ. Өмнө нь мөрдөгдөж байсан намын дүрмээр сонгуулийн үр дүнгээр ялагдал хүлээсэн тохиолдолд намын удирдлагын багийг шууд огцорсонд тооцно хэмээн заасан байсан. Хамгийн гол нь намын удирдлага огцорсны дараа яах талаар ямар ч тодорхой зүйл байгаагүйгээс удаан хугацаанд үл ойлголцох байдалд хүрлээ. Харин саяхан батлагдсан манай намын шинэчлэгдсэн дүрмээр Үндэсний бодлогын хороо тухайн сонгуулийн үр дүнг хэлэлцээд удирдлагын багт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр заасан. Ингээд тухайн багт итгэл үзүүлэхгүй гэж шийдсэн тохиолдолд дараагийн шинэ даргыг сонгох үйл явц явагдана. Тиймээс Ардчилсан намын их хурлаар баталгаажсан ҮБХ-д бүх эрх шилжсэн. Тун удахгүй ҮБХ 2020 оны сонгуульд намаа удирдаж оролцсон удирдлагын багийн асуудлыг хэлэлцэнэ. Ингээд дараа дараагийн үйл явц өрнөнө.