2022.06.06

МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтэд хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй гэж үзлээ

УИХ дахь МАН-ын бүлэг /2022, 06,06/ өнөөдөр мэдээлэл хийлээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Намын бүлгийн ээлжит хурлаар Монгол улсын Их Хуралд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн нам, иргэдээс ирүүлсэн саналын тухай асуудлыг хэлэлцсэн. Өнгөрсөн сард улс төрийн намууд, олон нийт, иргэдийн хөдөлгөөнүүд оролцож Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байна гэдгийг Их хуралд өгсөн. Үүнтэй холбогдуулаад Их хурлын даргаас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг гарсан.

Энэ ажлын хэсэг 3 хэлэлцүүлэг хийсэн. Үндсэн хууль судлаач эрдэмтэд, 1992 оны Үндсэн хууль баталсан төлөөлөл, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 26 намын дарга нарыг хүлээн авч хэлэлцүүлэг хийсэн. Эдгээр хэлэлцүүлгийн үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтээс санал авах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан юм. Өнөөдөр энэ асуудлыг авч хэлэлцлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой асуудлаар өнгөрсөн жилээс эхлээд улс төрийн намууд, иргэд олон нийтийн зүгээс тодорхой хүрээнд санал, бодлоо илэрхийлсэн. Монгол ардын нам, Улсын их хурал дахь бүлэг  энэ асуудлаар албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй.

Тодорхой бүрэлдэхүүний санал гараад Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэн учраас бүлгээс тодорхой шийдэл гаргасан. Гол нь үндсэн хуулинд өөрчлөлт оруулах хүрээ хязгаар, үндэслэл, олон нийтийн дэмжлэг чухал байх ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд саналаа хэлсэн. Хэлэлцээд МАН-ын бүлэг Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар нэгдүгээрт, олон нийтийн санал сонсох хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг улс орон даяар хийх нь хэрэгтэй гэсэн шийдэл гаргалаа. Хэрэв олон нийт дэмжвэл хууль санаачлагч бүрэн эрхтэй, Их хурлын гишүүд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг санаачилж үйл ажиллагаа явуулж болох юм гэж үзэж байна.