Малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг бодит байдалд нийцүүлнэ
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун өнөөдөр (2023.06.19) мал аж ахуйн салбарын хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өргөн мэдүүллээ.
Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар:
Монгол Улсын Их Хурлаас Малын генетик нөөцийн тухай хуулийг баталж хэрэгжүүлсэн нь монгол малын генетик нөөцийг зүй зохистой, тогтвортой ашиглах, хамгаалах, сайжруулах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон эрх зүйн үндсийг бүрдүүлж, мал, түүний төрөл, зүйлийг хамгаалах боломжийг бий болгосон.
Малын генетик нөөцийн төлөв байдлын 2019 оны үндэсний тайлангаар мал сүргийн бодит үнэ цэн 9.2 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлоготой дүйцэхүйц түвшинд байгаа ч цаашид мал аж ахуйд ашиглагдаагүй, үнэлэгдээгүй, өсөн төлжих боломжит нөөц их байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Малын чанар, үүлдэрлэг байдал алдагдаж байгаа нь төдийлөн мэдэгдэхгүй бөгөөд нэгэнт алдагдсан тохиолдолд түүнийг сэргээхэд цаг хугацаа, эдийн засгийн хувьд маш их хүндрэл бий болдог бөгөөд шинээр үүлдэр, омгийн малыг зохион бүтээхэд 15-25 жил, тухайн малын алдагдсан үүлдэрлэг байдлыг сайжруулахад 5-10 жилийн хугацаа шаарддаг нь мал зүйн шинжлэх ухаанд нотлогдсон байна.
Малын генетик нөөцийн тухай хуульд малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрөл олгоход тавих тусгайлсан нөхцөл, шаардлага тодорхой бус байгаагаас малыг өөрийн дур зоргоор үржилд ашиглаж, малын үүлдэрлэг байдал, тэсвэрт чанарыг алдагдуулах, бие давжаарах, ашиг шим буурах, өвчин эмгэгт нэрвэгдэх шалтгаан болж байна.
Иймд малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичгийг илүү тодорхой болгох шаардлагатай байна.
Түүнчлэн Малын генетик нөөцийн тухай хуульд 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар “16.11.Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээнд тавих хяналтыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлнэ.” гэсэн зохицуулалт нэмсэн хэдий ч улсын байцаагчийн хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой тусгаагүй болно.
Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагч болон мал аж ахуйн үйлдвэрлэлийн улсын байцаагчийн эрх, үүргийн талаарх зохицуулалт тусгаж, малын генетик нөөцийг ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, сунгахад тавих тусгайлсан нөхцөл, шаардлагыг бодит байдалд нийцүүлэн өөрчилж, үр дүнг тооцох боломжийг бий болгох зохицуулалтыг тусган боловсруулсан байна.