УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2017.01.25

Б.Саранчимэг: Мал эмнэлэг, үржлийн газрын бүтэц, зохион байгуулалт хэвээр үлдэх үү?

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг олон жилийн дараа энэ асуудлаар шинэ хуулийн төсөл санаачлан, хэлэлцүүлж байгааг сайшааж, малын үржлийн асуудлыг хөндсөн юм. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Хуулийн төслийг дэмжиж байна. Анх Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг 1993 онд батлагдаж, 2001, 2007 онуудад өөрчлөлт оруулсан байдаг. Үүнээс хойш нилээдгүй хугацаа өнгөрчээ. Хөдөө, орон нутгийн иргэд энэ төрлийн хууль гаргахыг дэмжиж байна.

24 жилийн дараа уг хуулийг Малын генетик нөөцийн тухай гэж шинэчлэхээр хуулийн баг бүрдсэн учраас цаашид хуулийн төслөө улам боловсронгуй болгох үүднээс хамтарч ажиллах нь зүйтэй болов уу.

Хуулийн төсөлд, Мал эмнэлгийн удирдах байгууллага нь мал, амьтны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна гэж заажээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Мал эмнэлэг, үржлийн газар гэж бий.

Уг хуулийн төсөл батлагдвал Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль хүчингүй болж таарна. Энэ тохиолдолд малын үржлийн асуудлыг ямар хуулиар зохицуулах вэ? Мал эмнэлэг, үржлийн газрын бүтэц, зохион байгуулалт хэвээр үлдэх үү?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн:

Малын үржлийн асуудлыг зохицуулах үүднээс Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Цаашид малын үржлийн асуудлыг төрийн бодлогын цөмд авчрах зорилгоор салбарын яам хариуцах болно.

Яамны бүтцэд Малын үржлийн бодлогын газрыг байгуулж, аймаг, орон нутагт салбар, тасагтай байхаар төлөвлөсөн юм.

Улсын хэмжээнд малын генетик нөөцөө бүртгэх, ашиглах, хөгжүүлэх чиглэлд эрх зүйн бүх зохицуулалтыг уг хуулийн төсөлд хамруулсан гэж ойлгож болно.