2017.01.27

Ц.Даваасүрэн: Судалгаа шинжилгээ дээр хөрөнгө зарцуулах хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016.12.28 Засгийн газрын өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авлаа.

Ц.Даваасүрэн

ХАА салбарт чиглэсэн хуулиудыг баталж байгаа нь зөв юм. Малын удмын санг хамгаалах хуулийн төсөл сайн боловсрогдсон байна.

Гэхдээ бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй юм байна лээ. Социализмын он жилүүдэд Монгол оронд байгалийн шалгарлаар нутагшсан  омог, үүлдрийн малыг хадгалах, өөрчлөх бол маш сайн судалж шинжлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй.

Хуулийн төсөлд энэ хэрхэн туссан вэ? Энэ шинжилгээ судалгааны ажлыг яаж санхүүжүүлэхээр тооцсон байгаа вэ? Бүтэц нь ямар байх вэ?

Одоо нутагшсан байгаа үүлдрүүд чинь социализмын үед сайн судалгаа шинжилгээтэй байсан учраас ингэж нутагшсан юм. Тийм болохоор Би нилээд болгоомжлоод байгаа юм. Жишээ нь бидний нүдэн дээр Монгол ноход өөрчлөгдөж байна. Тиймээс маш нарийн судалгаа шинжилгээтэй байхгүй бол болохгүй.

ХАА салбарыг үндэсний том салбар гэж үзэх юм бол судалгаа шинжилгээ дээр томоохон хөрөнгүүдийг зарцуулах хэрэгтэй. Монгол мал хөтөлбөрт төсвийн 1% ийг зарцуулна гэж тусгасан байсан ч дараа нь тэрийг нь аваад хаячихсан. Ер нь мөнгөгүй хөтөлбөр бол зогсдог. Тэгэхээр энэ яригдаад байгаа зүйлсийн санхүүгийн баталгаа нь ямар байгаа вэ?

П.Сэргэлэн хариулав.

Хуулийн төслийн 10 зүйл дээр олон зүйл заалтаар оруулж өгсөн. Генетик нөөцийн судалгааны хэсгээ яамны бүтцэд байгаа Мал үржлийн хэлтэс дээр нилээд төвлөрүүлнэ. Мөн гэрээт ААН-үүд, эрдэмтдийн зөвлөлийг түшиглэж явуулъя гэж  байгаа. Хөрөнгө санхүү, бүтэц орон тоо зэрэг олон асуудлыг хувийн хэвшлийн ААН түшиглэх, мөн мал зүйчдийн ТББ-уудтай гэрээний үндэс дээр явуулахаар тусгасан. Төсөв мөнгө дээр бол тусгаж амжаагүй. Ажлын хэсэг дээр ярьж болох байх.