Бүгд найрамдах Эстони улстай цахим шилжилтийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ
2023.03.30

Бүгд найрамдах Эстони улстай цахим шилжилтийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсыг хамааран суух Элчин сайд Ноён Ханнес Хансог хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Н.Учрал сайдын зүгээс Элчин сайд Ноён Ханнес Хансод Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан явдалд баяр хүргээд, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны баримталж буй бодлогын чиглэл, хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудыг танилцууллаа.

  • Түүнчлэн, Эстони Улстай эхлүүлсэн хамтын ажиллагаа нь Монгол Улсад цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсоныг онцолж, талархал илэрхийлэв.
  • Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй үзүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлаас баталсан. Тус хуулийн хүрээнд нийт 37 эрх зүйн акт боловсруулан батлуулахаас 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт 21 эрх зүйн актыг боловсруулан батлуулсан талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээллээ.
  • Элчин Сайд Ханнес Хансогийн зүгээс Монгол Улсад цахим шилжилт хийгдэж, төрийн үйлчилгээ иргэдтэйгээ ойр болж байгаа нь бодитойгоор харагдаж байгааг дурдаж, бүх салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг олон нийтэд ойр болгоход хуулийн шинэчлэлийг хийх нь хамгийн хүнд ажил нь байдаг ч Монгол Улс энэ тал дээр хурдацтай дэвшиж байгааг онцоллоо.
  • Талууд хамтын ажиллагааг цахим аюулгүй байдлын чиглэлээр шинэ түвшинд хүргэх талаар харилцан тохирч, 2023 оны 05 дугаар сард нутаг буцах үеэрээ эл асуудлыг Эстони Улсын Цахим засаглалын академитай уулзалт хийж уламжлах болохоо мэдэгдлээ.
  • Уулзалтын төгсгөлд ЦХХХ-ны сайд Н.Учрал ирэх 06 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах “ICT Expo 2023 Mindgolia” буюу Мэдээлэл, харилцаа холбооны олон улсын үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын оролцох томоохон арга хэмжээнд Эстони Улсын төлөөлөгчдийг оролцохыг урьж, тус улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын компаниудыг уг арга хэмжээнд урьж оролцуулахыг хүсэж, Элчин сайдын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn