Н.Учрал:
Зөвхөн технологийн зөв шийдлээр хулгай, авлига, хүнд суртлыг халах боломжтой
“Хаалттай хаалга, харанхуй орчин хулгай дээрмийг өөхшүүлдэг. Нүүрсний худалдаа нууц учраас, нүдэнд харагддаггүй учраас гаарч байна, галзуурсан байна! Гагцхүү энэ бүхэнд технологийн зөв шийдлүүдийг нэвтрүүлснээр цаашид эх орны эрдэнэс баялгийг тонон дээрэмдэх боломж нөхцөлийг уг үндсээр нь устгаж, 24 цагаар гэрэл асаана” гэснээр бидний яриа эхэллээ. Тэрбээр хаана мэдээллийн систем, программ хангамж хүчтэй нэвтэрнэ тэнд хулгай дээрэм, худал хуурмаг бус шударга ёс, үнэн ялдаг хэмээн онцгойлон хэлж, хулгайч төрдөггүй нийгмийн шинэчлэлийг илүү хурдан хийж, илүү хүчтэйгээр ажиллахад манлайлан зүтгэж буй.
Тухайлбал “Цахим үндэстэн” болох зорилгодоо хурдан хүрэх, цахим хөгжлийг дэмжих багц хуулиудаа батлууллаа. Олон жил яригдсан үндэсний хиймэл дагуул хөөргөх, Хонхорын станцыг тоон технологид шилжүүлэх, төрийн үйлчилгээний нэг цэгийг операторын горимд шилжүүлэх, кибер аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэх, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, тоон бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх, программ хангамжийн шударга худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлсэн “mindgolia.mn”-ийг бүтээх ажлууд гараанаасаа хөдөллөө гээд технологийн салбарт ажил буцалж, амжилтууд оволзож буйг дуулгахад таатай байна. Цахим хөгжил, харилцаа холбоо хэмээх өнөр бүлийн тэргүүн, иргэд олон нийтийн төлөөлөл дуу хоолой болон ажиллаж буй Ням-Осорын Учралтай ярилцлаа.
Мэдээллийн технологийн хөгжлийн хурд өнөөгийн Засгийн газар, парламентад цахим шилжилтийг эрчимтэй бий болгож байна. Энэ хөгжлийг түүчээлэн явж байгаа хүний хувьд хэрхэн дүгнэх вэ?
2020 оны УИХ-ын сонгуульд МАН, харилцаа холбоо цахим хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай болох мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулснаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2022 оны нэгдүгээр сарын 6-нд байгуулагдсан. Үүний үндэслэл хэрэгцээ нь 2016-2020 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд тавигдсан гэж болно. Тодруулбал өнөөдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нарын гишүүд Цахим бодлогын түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачлан батлуулж, миний бие тус хороог ахлан ажилласан. 1990 оны зах зээлд шилжсэнээс хойш 1992 оны шинэ үндсэн хуулийн дагуу УИХ-д хэд, хэдэн түр хороо байгуулагдаж байсан ч тэр бүр бодитой ажил хийж үр дүн гаргасан нь ховор юм билээ. Бид цахим хөгжлийг урагшлуулах харилцаа холбоо, цахим хөгжлийн эрх зүйн орчныг сайжруулах зорилтыг дэвшүүлэн салбарын суурь хуулиуд болох Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай болон Шуудангийн тухай хуулиудыг шинэчлэн батлуулсан юм.
Түүнчлэн УИХ-д хэлэлцэгдэж буй хуулиудад технологийн хувьд ямар дэвшил гаргасан байх эсэхэд дүгнэлт болоод зөвлөмжүүдийг өгч ажилласан. Тухайлбал ил тод, нээлттэй нийгмийг бүтээх үүднээс “Opendata” системийг нээлттэй болгоход анхаарч, бүртгэлийн багц хууль батлагдсанаар “Opendata.gov.mn” буюу төрийн нээлттэй өгөгдлийн сангаар дамжуулан төрийн бус байгууллагууд болон ААНБ-ын мэдээ мэдээллийг иргэд нээлттэй хүлээн авах нөхцөл бүрдсэн билээ. Н.Алтанхуяг даргын Засгийн газраас эхлээд төрийн үйлчилгээг цахимжуулах, төрийн үйлчилгээний үндсэн систем байгуулах ажлууд хийгдсэн нь манай улс анх удаа дата төвтэй болж төрийн мэдээлэл солилцооны системийн үндэс суурь тавигдсан юм. Цахим бодлогын асуудлыг төрийн бодлогын түвшинд авч үзэх ёстойг үе үеийн Засгийн газар ярьдаг байсан ч, бие даасан яамтай болгох, “цахим үндэстэн” болох зорилтыг дэвшүүлэх цаг хугацаатай төлөвлөлтүүдийг гарган ажиллах санаачилга дутагдаж байсан нь нууц биш.
Цахимд шилжих ажлын эхлэл хаана тавигдсан бэ?
Өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилт дээрээ үндэслээд түр хороо ажиллаж байх үед тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг УИХ, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж, цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн Эстони улсад айлчилж, тэдний сайн туршлага загвараас эх орондоо нутагшуулах ажлыг эхлүүлсэн. Нэг ёсондоо оюун санааны баялгийг дэлхий дахинд түгээх, өрсөлдөх чадварын индексээ ахиулах тодорхой дэвшлийг гаргасан Эстонийн Засгийн газрын дэргэдэх E академитай хамтран ажиллах гэрээ байгуулснаар цахимд шилжих ажлын эхлэл тавигдсан гэж болно.
Эстони улс нь 1,3 сая хүн амтай. Бидний сайн мэдэх “Skype” аппликейшныг дэлхийн зах зээлд гаргаж, томоохон хөрөнгө оруулалтыг татсанаар цахим шилжилтийг бодит үр дүнд хүргэсэн юм.
ЦХХХ-ны сайд Н.Учрал
Монгол Улсын Засгийн газарт Эстонийн E академи ямар чухал зөвлөмжийг өгсөн бэ?
Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх. Хоёрдугаарт, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх үүднээс төрийн үйлчилгээний болон нийтийн мэдээлэл солилцооны системийг нэгтгэж, төрийн үйлчилгээг иргэдэд орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэх зөвлөмжүүдийг өгсөн. Ингээд бид хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлуудаа эхлүүлсэн. Тухайлбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль болон Кибер аюулгүй байдлын тухай хуулийг боловсруулах ажлыг эхлүүлж байв.
Улмаар цахим бодлогын түр хороог үр дүнтэй сайн ажилласан учир илүү өргөн, далайцтайгаар үйл ажиллагаа явуулах шаардлагатай хэмээн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулсан. Уг байнгын хорооны даргаар миний бие томилогдож, илүү мэргэжлийн чиглэлд ажиллахыг хичээсэн.
Инновац, цахим бодлогын байнгын хороо байгуулагдаад хамгийн түрүүнд юунаас ажлаа эхлүүлэв?
Миний бие УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа ажлын хэсгийг нь ахалж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг батлуулсан. Ингэснээр нийтийн мэдээллийн системүүдийн хэрэгцээ шаардлага уялдаа холбоог хангах, оновчлох боломжтой болж 68 төрлийн мэдээллийг ил, тод, шилэн болгох үүргийг мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудад олгосон.
Түүнчлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай гэсэн хуулиудыг Засгийн газраас өргөн мэдүүлж, манай байнгын хороо ЭЗБХ, ХЗБХ, АБГББХ-той хамтарсан ажлын хэсгүүдийг байгуулж, УИХ-ын даргын захирамжаар хуулиудыг олон нийтийн анхаарлын төвд авчирснаар хууль батлагдах процесс эхэлж, 2021 оны 12 дугаар сард цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд батлагдсан. Ер нь парламентын түүхэнд түр хороо амжилттай ажиллаад мэргэжлийн байнгын хороо болтлоо өргөжсөн, байнгын хороод гар нийлэн асуудлыг шийдвэрлэж байсан “сайн практик” ховор юм билээ.
Эрх зүйн орчин бүрдсэн эко хөрсөн дээр Засгийн газрын бүрэлдэхүүн дэх хамгийн залуу яам байгуулагдлаа. Таны хувьд сайдын томилгоо шинэ ажил байгаагүй юм байна?
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр ажиллах эрх зүйн боломж нээгдсэн. Өнгөрсөн хугацаанд түр болон байнгын хороог даргалж, хуулиудын ажлын хэсгийг ахалж батлуулсны хувиар салбарын сайдад томилогдохын хувьд шинэ тутам байгаагүйг хэлэх нь зүйтэй. Сайдын ажил хүлээн авснаас хойших гурван сарын хугацаанд дээрх хуулиудын хэрэгжилтийг хангуулах 37 журмыг батлуулж хэрэгжүүлэхэд голлон анхаарч ажиллалаа. Мөн кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, аудитын журам, кибер аюулгүй байдлын зөвлөлийг байгуулах Засгийн газрын тогтоолын төслүүд ч бэлэн болоод байна.
2023 он Төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулахад анхаарсан жил байна
2023 онд Төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгахад илүүтэй анхаарч ажиллах тухайгаа хэлсэн. Хэрхэн ажиллах вэ?
Энэ чиглэлд нэлээдгүй ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал шүүхийн процесс дээр аваад үзье. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адилтган үзэж болох эрх зүйн акт мөн гэж үздэг. Гэвч өнөөдөр шүүх дээр нотлох баримтуудыг заавал цаасаар шаарддаг хүндрэлүүд байсаар. Үүнийг засахын тулд хууль эрх зүйн хувьд шинэчлэл хийх шаардлагатай байна гэсэн саналууд төрийн байгууллагуудаас ирсэн. Дүрэм журам, хууль эрх зүйн түгжрэлээс гарахын тулд төрийн цахим үйлчилгээг зохицуулахтай холбоотой хуулийн давхардал хийдэл зөрчлийг арилгах багц хуулийг боловсруулж дууслаа. Үүгээр 139 хуульд өөрчлөлт оруулах бөгөөд ингэснээр цаасаар шаарддаг асуудлууд цэгцэрнэ. Хуулийн төслийг ойрын хугацаанд өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
“И-монголиа” системээс амжилттай авсан нийт үйлчилгээ нь бодитоор 4 тэрбум төгрөгийн цаас хэмнэлт хийв. Цаашид 15 систем нэгдэн цааснаас бүтэн салж чадвал жилдээ бичиг цааснаас 8 тэрбум төгрөг хэмнэх боломжтой.
Зөвшөөрлийн тухай хуулиар 1700 тусгай зөвшөөрөл авдаг байсныг 360 болгосон. Зөвшөөрлийг цахимжуулж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах талаар нэлээд ажлыг эхлүүлээд байна. Манай салбарт зөвшөөрөл лиценз гэхээсээ илүүтэй төр либералчилсан бодлого барих ёстой. Энэ утгаараа чөлөөт өрсөлдөөнийг бий болгохыг зорьж байна. Үүний дараа 21 аймгийг цахимжуулах ажлууд шат дараатай хийгдээд явна.
Уул уурхайн биржийн тухай хууль эцэслэн батлагдаж, нүүрсийг “цахим бирж”-ээр арилжих түр журам гарлаа. Мэргэжлийн яамны зүгээс нүүрсний хулгайн асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
Хаалттай хаалга, харанхуй орчин хулгай дээрмийг төрүүлдэг. Нүүрсний худалдаа нууц учраас, нүдэнд харагддаггүй учраас гаарч байна. Хүн биш хууль засагладаг улс болъё гэвэл бүх үйл ажиллагаа технологид суурилах ёстой. Өнөөдөр ЭЕШ болон төрийн албаны шалгалтыг цахимаар авдаг болсон. Тухай бүрд нь шалгалтын дүн нь дороо гарчихдаг, гаднаас хэн нэгэн нөлөөлөх боломжгүй. Нэг ёсондоо хүний оролцоо байхгүй болж байж л хулгай дээрэм, шударга бус зүйл гарахгүй байх нөхцөл бүрдэх юм шүү дээ. Уул уурхайн биржийн тухай хууль батлагдаж, нүүрсийг “цахим бирж”-ээр арилжих түр журам гарсан нь сайшаалтай. Нүүрсний борлуулалт, худалдах худалдан авах, тээвэрлэлт гээд бүхий л процесс автоматжих ёстой.
ЦХХХ-ны сайд Н.Учрал:
Тодруулбал, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар худалдан авах ажиллагаа түүний үнэлэлт, дүгнэлт буюу ямар этгээдүүд юу гэж үнэлээд, хэрхэн тендерт шалгарсан эсэх олборлолтын болон худалдах, худалдан авах гэрээнүүд нь цахим орчинд, олон нийтэд ил тавигдах ёстой. Худалдагч болон худалдан авагч талууд нүүрсний үнэ ээ хаялцах зэргээр бүх процесс нь технологид суурилаад ирэхээр ханцуйн дотроо наймаалцдаг байдал үгүй болно. Тиймээс Сангийн яам, “Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв” буюу E barimt-ынхан нүүрс олборлохоос худалдан авагчид хүртэлх бүх үе шатыг нүдний өмнө, алган дээр дэлгэн харуулах систем боловсруулж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байна
Хүн биш технологи асуудлыг шийдвэрлэдэг болж байж нийгэмд үүсээд буй хулгай, авлига, хээл хахуулиас ангижирна.
Манай яамны зүгээс нийтийн мэдээлэл солилцооны системтэй холбох, мэдээллийн аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийх асуудалд дүгнэлт, зөвлөмж өгөх, тогтвортой үйл ажиллагааг нь хангуулах чиглэлд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Цаашид зөвхөн нүүрс ч гэлтгүй уул уурхайн бусад баялгуудыг бирж дээр нээлттэйгээр арилждаг болох шаардлагатай.
Та сансрын үндэсний зөвлөлийн дарга шүү дээ. Сансар судлалын салбарт манай улс хэрхэн ач холбогдол өгвөл зохих вэ?
Манай яам нь Монгол Улсын сансрын бодлогын асуудлыг хариуцан ажилладаг Үндэсний аюулгүй байдлын томоохон бүрэлдэхүүн хэсэгт мэдээллийн аюулгүй байдал хамаардаг. Бид тусгаар улс байхын тулд сансарт өөрсдийн байрлалуудаа эзлэх ёстой. Бид өөрийн гэсэн өмчилсөн газартай байдаг шиг Монгол Улс ч сансрын тойрог замд хоёр байрлалтай. Эдгээр байрлалаа тодорхой болгох албан хүсэлтийг илгээсэн. Дэлхий нийтэд сансар судлалын салбар эрчимтэй хөгжиж, энэхүү хөгжил нь тусгаар тогтносон улс бүрийн анхаарал хандуулах шаардлагатай асуудлуудын нэг болж, цаашлаад бидний өдөр тутмын амьдралд сансрын технологийн хэрэглээ өргөн нэвтэрч эхлээд байна.
Ихэнх улс орнууд сансар судлалын талаар төрөөс баримтлах бодлого болон хууль тогтоомжтой /Space policy болон Space law/ болж байна. Бид энэхүү олон улсын чиг хандлагыг даган, ойрын 10 жилийг харсан баримтлах чиглэлтэй болох нь зүйтэй гэж үзэн ажлаа эхлүүлсэн. Энэ хүрээнд холбогдох 37 байгууллагаас санал авч, хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, Шинжлэх ухааны академи, Их сургуулиуд, яамд, энэ чиглэлийн мэргэжилтэн судлаачид зэрэг олон талын төлөөллийг оролцуулан боловсрууллаа.
Энэхүү баримт бичгийн зорилго?
Уг баримтлах чиглэлийн зорилго нь сансар судлалын техник технологийг хөгжүүлэх, үндэсний хиймэл дагуул хөөргөх, хиймэл дагуулын мэдээллийг боловсруулан ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар Монгол Улсад сансар судлалыг хөгжүүлэхэд оршино. 2040 он гэхэд 1,3 их наяд ам доллар болж өсөх сансрын технологийн асар том зах зээлд бид бага ч гэсэн орон зай эзлэхийн төлөө ажиллах ёстой. Нөгөө талаар хүчирхэг гүрнүүд сарыг, марсыг хамтран судлах, эзэмших томоохон хөтөлбөр гаргаж үүндээ жижиг гэлтгүй бусад улсуудыг татан оролцуулах хандлагатай байна.
Од, гараг эрхэс судлал шинэ шатанд гарч, нам орбитын хиймэл дагуулын зах зээл шинэ өрсөлдөөний талбар болж, мэдээлэл харилцаа холбооны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ сансрын холбоотой уялдаатай хөгжих дүр зураг харагдаж байна. Эдгээр өөрчлөлт, хөгжлөөс бид хоцорч болохгүй, тодорхой хэмжээнд оролцоод явах ёстой. Үүний тулд дотоод гадаадад мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэднийг судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөрүүдэд оролцуулах, өөрийн сансрын байршлаа үр дүнтэйгээр ашиглах, үндэсний чадавхыг бэхжүүлэх зэрэг үзэл санааг уг баримт бичигт тусгасан.
Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй хамтарч, үндэсний хиймэл дагуул хөөргөхөд судалгаа хийж байна. Саяхан бид арилжааны хиймэл дагуул хөөргөх асуудлаар Япон улсын сансар судлалын Кюүшүгийн Технологийн Институттэй Монголчууд сансарт анхны арилжааны хиймэл дагуул хөөргөх талаар санамж бичиг байгуулсан. Тус сургууль нь Мазаалай хиймэл дагуулын туршилт хөгжүүлэлтээрээ бидний танил болсон, нэр хүндтэй байгууллага шүү дээ. Дашрамд Япон Монголын харилцааны гүүр болж мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакухо Даваажаргал ажилласныг дуулгахад таатай байна.
Дээрх ажлын хүрээнд 2023 онд туршилтаар гурав, 2024 онд 170 арилжааны жижиг хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байна. Эдгээр хиймэл дагуул нь шинжлэх ухааны зориулалтай бөгөөд Монгол Улсын хувийн компани, ААНБ-ын өөрийн хөрөнгө оруулалтаа гаргаад эхлүүлж буй томоохон ажил. Ямар ч хиймэл дагуул тухайн улсын нэр дээр хөөрдөг учир, сансрын үндэсний зөвлөлийн даргын хувиар бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хүмүүс сансар гэхээр өөрөөс нь их хол сэдэв юм шиг ойлгодог.
Бид өдөр тутамдаа гар утсан дээрээ цаг агаарын мэдээ уншиж, цаг харж, googlemap хэрэглэж байгаа нь сансраас авч байгаа мэдээлэл гэдгийг тэр бүр мэддэггүй. Сансраас ирүүлж байгаа мэдээллийн тусламжтайгаар л бид эдгээр зүйлсийг хийдэг. Монгол Улс сансрын хиймэл дагуул хөөргөж чадвал малчид, хязгааргүй тал нутагт амьдарч буй иргэд маань орон зайнаас үл хамаарч интернэтийн сүлжээнд холбогдох, мэдээ мэдээллийг хүлээн авах бололцоотой болно.
Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн гишүүний хувиар олон жил яригдсан ч тодорхой үр дүнд хүрээгүй “Хонхрын станц”-ыг тоон технологид шилжүүлэх ажилд анхаарал хандуулж, энэ хүрээнд гаднын хөрөнгө оруулагчдад тодорхой саналуудыг тавьсан. Бид радиогоо тоон системд шилжүүлж чадвал зарлан мэдээлэх, шаардлагатай мэдээллийг үндэсний хэмжээнд түгээхэд томоохон түлхэц болох юм.
Орчин цагт цахим шилжилт нь зорилго биш хэрэгцээ, шаардлага болчихлоо. Мэдээллийн технологийн салбарыг манлайлан зүтгэж буй сайдын алсын хараа?
Уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай манай улс нь оюун ухаанаас хамааралтай улс болж эдийн засгаа солонгоруулахын тулд шинэчлэлийг хийх ёстой. Бид ч ийм зорилтын дор хичээн ажилласан, цаашид ч ажиллах болно.
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхан маань нүүрсний реформ хийж, баялгаас олсон орлого хэн бүхэнд ил тод, түүнээс нь ард түмэн хувь хүртдэг, төр, иргэд, компаниудын нэгдлийн оролцоотой байх цахим бирж бүтээх шинэ санаачилга гаргалаа. Бид төрийн цахим үйлчилгээний 90 гаруй хувийн мэдээллийг хадгалж хамгаалж, үүлэн систем нэвтрүүлэхээр ажиллаж буй Үндэсний дата төв, мэдээлэл солилцооны ХУР, танилтын ДАН систем, 1,3 сая хүн 14 сая удаа үйлчлүүлээд байгаа “e-Mongolia”-г бүтээж чадсан шигээ цаашид улам идэвхийлэн ажиллана. Мэдээллийн технологийн салбарынхны оюун ухаанаар бүтсэн энэ бүх шийдлүүд бол авлига, хүнд сурталтай хийж буй “тэмцэл” хэмээн харж байна.
Тиймээс Цахим хөгжил, харилцаа, холбооны сайдын хувьд миний бие салбарынхаа хөгжилд хурд нэмэх, хууль эрх зүйн орчныг нь ээлтэй болгох, Монгол оюуны чадавхаараа дэлхийд гарахад нь дэм өгөхийн төлөө зүтгэж байна. Мэдээллийн технологийг уул уурхай, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролд түлхүү нэвтрүүлж, Монгол хүн Монголдоо эрүүл, ажилтай, боловсролтой амьдрахад өөрсдийн зүгээс гүйцэтгэх үүргээ ахиулахын төлөө хичээж байна.
Мэдээлэл технологийн салбар өнгөрсөн жилд 1 их наяд орчим төгрөгийн борлуулалт хийснээс 85 хувийг харилцаа холбооны оператор компаниуд болон интернэтийг орон даяар дамжуулж буй сүлжээ компани оруулжээ.
Баярлалаа. Танд амжилт хүсье.