2023.03.30
Эстони улстай хамтын ажиллагаагаа олон салбарт өргөжүүлэх боломжтой
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Эстонийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханнес Хансог өнөөдөр (2023.03.29) хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Эстонийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд ноён Элчин сайдад баяр хүргэн, ажлын амжилт хүсээд Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд үр дүнтэй ахиц гарна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Тэрбээр мөн Монгол, Эстонийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, тэр дундаа мэдээллийн технологи, цахим засаглал, кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс “Цахим засаглал” үндэсний хөтөлбөр, “E-Mongolia” системийг Эстонийн туршлагад тулгуурлан амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд талууд цаашид хоёр орны хамтын ажиллагааг харилцан сонирхсон олон салбарт өргөжүүлэх боломжтой талаар санал солилцсон юм.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Эстонийн парламентын бүлгийн дарга Х.Ганхуяг Эстонийн парламент дахь Эстони-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдийг Монгол Улсад урьж буйг уламжилж өгөхийг ноён Элчин сайдаас хүслээ.