Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай холбох нь зүйтэй
Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 12 дугаар тогтоолоор 2022 оны тавдугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан.
Тус ажлын хэсгийн ахлагч, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа, Ц.Туваан нар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллаж нөхцөл байдалтай танилцлаа.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв" нь хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн хэмжээнд үзүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Сэргээн засах эмчилгээ үйлчилгээнд хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, физик эмчилгээ, усан эмчилгээ, хоол эмчилгээ, эмийн эмчилгээ, сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх 120 гаруй нэр төрлийн аппарат, орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нотолгоонд тулгуурласан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах төрөлжсөн мэргэжлийн, гурав дахь шатлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж байна.
Тус байгууллага нь 187 хүний орон тоотойгоор ажиллаж байгаа ч мэргэжлийн багш, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, сувилагч гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан шаардлагатай мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа аж. Энэ нь ажилчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдэж чаддаггүй, цалин хөлс бага байдагтай холбоотой хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвийн даргын үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Энхбат танилцууллаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Туваан нар уулзалтын үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд эмчилгээ, үйлчилгээ авч байсан харгалзах хүнгүй, бүтэн өнчин хүүхдүүд насанд хүрсэн үед хаана харьяалуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх, эрт илрүүлж чадаагүйгээс үүсэх хүндрэл эрсдэлийн талаар хөндөж байлаа. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай холбож нийгмийн асуудлаа шийдвэрлэх асуудыг бодлогод тусгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.