Замын-Үүд боомтыг шинэчилж, зорчигт тээврийн хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлнэ
2023.02.16

Замын-Үүд боомтыг шинэчилж, зорчигт тээврийн хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлнэ

Монгол Улс боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хэд хэдэн томоохон зорилтыг дэвшүүлсэн. Эхний үе шат буюу 2022-2024 онд боомтуудын дэд бүтцийг сайжруулж, ачаа болон зорчигч тээврийн хүчин чадлыг дээшлүүлэн улмаар экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Тодруулбал, манай улсын тээвэр логистикийн гол боомтууд болох Замын-Үүд, Ханги, Гашуун сухайт, Шивээхүрэн, Хавирга, Алтанбулаг зэрэг боомтуудыг өргөтгөн шинэчилж нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх чиглэлээр олон улсын хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм.

Энэ ажил Замын-Үүд боомтоос эхэлсэн. Учир нь тус боомт нь манай улсын хилээр нэвтэрч буй нийт ачаа тээврийн 70 хувь, зорчигч тээврийн 30 хувийг дангаараа нэвтрүүлж, гаалийн орлогын 15 хувийг бүрдүүлдэг, логистикийн гол боомт юм. БНХАУ-аас олгосон 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Замын-Үүд боомтын дэд бүтцийг сайжруулж, ачаа болон зорчигч тээврийн терминалуудыг шинэчилж, нэвтрүүлэх хүчин чадлын 4-7 дахин нэмэгдүүлж байна.

Төслийн хүрээнд:

  • Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
  • Ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
  • Хүнд даацын автозамын барилгын ажил,
  • Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,
  • Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажил хийхээр төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар зорчигч тээврийн терминалыг бүрэн шинэчилж ашиглалтад оруулаад байна. Ингэснээр нэвтрүүлэх хүчин чадал зорчигч тээврийн хувьд 3 дахин нэмэгдэнэ. Харин ачаа тээврийн терминалыг ирэх 7 дугаар сар гэхэд бүрэн шинэчилж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд нийт ажлыг явц 91 хувьтай байна.

Энэ сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох албаныхантайгаа Замын-Үүд боомтод ажиллаж, үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцлаа. Тэрбээр “Замын-Үүд боомтын шинэчлэлийн энэхүү бүтээн байгуулалт монголчуудад өргөн боломж бололцоог нээж, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг онцолсон.

Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд цаашид хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбож, тээвэр, логистикийн өрсөлдөх чадвар, ачаа тээврийн урсгалыг сайжруулж, транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьж буй. Замын-Үүд боомтыг ийнхүү шинэчилснээр Монгол, Хятад хоёр улсын худалдааны эргэлт сайжирч, транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэж байна. Өмнөх Засгийн газрын үед эхэлсэн энэ ажил дараагийн засгийн үед ч тасалдалгүй явж, бүрэн дуусаж байгаа нь төрийн залгамж халаа чухал гэдгийг харуулсан бодит бүтээн байгуулалт боллоо.