2022.03.28
Т.Энхтүвшин: Гаднын банкуудыг оруулж ирэн, том төслүүдээ санхүүжүүлэх нь зөв
Эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтын тухай хэлэлцүүлэг Гаалийн ерөнхий газарт болж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин оролцон, байр сууриа илэрхийлэв.
Тэрээр "Гадаадын банкуудыг оруулж ирэх цаг болсон. Ингэснээр томоохон төслүүдээ санхүүжүүлэх, үйлдвэр байгуулах боломжтой. Энэ цаг үед хамгийн их хэрэгтэй бодлого юм. Цар тахал бидэнд төмөр зам ямар чухлыг харууллаа. УБТЗ салаа төмөр замаа нэмэгдүүлж эхэллээ. Мөн Тавантолгой-Ханги чиглэлийн төмөр зам барих ажил эхэллээ. Замын-Үүдэд тавьсан нарийн царигийн хоёр зам бий.Эдгээр замууд ихээхэн өгөөжөө өгч байна.
Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед эхлүүлсэн, Дорноговийн дулааны цахилгаан станцыг саяхан ашиглалтад орууллаа. Бид ийм хурдаар л ажилладаг. Замын-Үүд чөлөөт бүс ирэх зургадугаар сард цахилгаанаа татах гэж байна. Энэ чөлөөт бүсэд газар авсан ч үйл ажиллагаагаа эхлүүлээгүй нь компаниудын буруу биш. Ер нь бид цаашид чөлөөт бүсээ хөгжүүлэхдээ БНТУ-ын жишгээр хөгжүүлэх нь зөв.
Замын-Үүдэд олон жолооч ажилгүй болсон тул Шадар сайд, Зам тээврийн хөгжлийн сайдад энэ асуудлыг уламжлан, хилийн 0 цэгээс Замын-Үүдийн жолооч нараар тээвэр хийлгэх санал тавьсан гэв.