МҮЭХ: Гишүүдийнхээ санал, шаардлагаар хуулийн дагуу ажил хаяна
Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой ард иргэдийн жагсаал төв талбайд 5 дахь өдрөө үргэлжилж байна. Бид энэ талаар МҮЭХ болон олон нийтийн зүгээс байр суурийг нь сонслоо.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Нүүрсний хулгай, луйврыг шударгаар шийдэж, эх үүсвэрээс цалин хөлсийг нэмэгдүүлье
МҮЭХ-ноос эдийн засгийн тогтворгүй байдал, валютын ханшны өсөлтийн улмаас үйлдэрлэл, үйлчилгээ хумигдаж, үнийн хөөрөгдөл бий болсон. Үүнтэй холбоотой өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж иргэдийн цалин, орлого худалдан авалтын чадамжид хүрэхгүйг байгаа талаар мэдэгдэж байсан. Түүнчлэн ард иргэдийн боломжоос хулгайлж, сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй ажиллаж байгаа Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн.
Тодруулбал 2023 оны улсын төсөвт “Цалин хөлс, орлогыг” нэмэгдүүлэхийг шаардсан. Мөн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкнаас авах өр төлбөр болон нүүрсний хулгайн асуудал цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд мэдээлэл өгсөн билээ.
Энэ талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
Мөн Засгийн Газар болон УИХ-ын хариуцлагатай албан тушаалтнуудын зүгээс удаа дараа нүүрсний хулгайн талаар мэдэгдлээ. Иймд Нүүрсний хулгайн асуудлыг ил тод, шударга, олон нийтийн оролцоог ханган шалгаж хариуцлага тооцохыг шаардаж байна. Байгалийн баялагийг хяналтгүйгээр гаргаж байгаа асуудлыг нэн даруй хариуцлага тооцож өмнө нь уг системд ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох, нүүрсний хулгайн мөнгийг хүү алдангийн хамт төсөвт эгүүлэн төсвийн тодотгол хийн татаж цалин хөлс нийгмийн хамгаалал үнэ тариф тогтворжуулах нөөц бүрдүүлэхэд зарцуулж, иргэдийн цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж байна” хэмээн мэдэгдсэн.
Гэвч тавьсан шаардлагын хариултыг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Ард иргэд туйлдаж жагсаал, цуглаан хийхэд хүрсэн.
МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал
МҮЭХ-оос эхний хагас жилээс энэ асуудлыг тавьж ирсэн. Иргэд хөдөлмөрчдийн боломжийг хулгайлж байгаа олон зүйл бий гэдгийг хэлж байсан. Нүүрсний хулгайн асуудлыг 11 сарын 07-ны өдөр анх удаа нийгэмд хүргэж шүгэл үлээсэн. Энэ өдрийн жагсаал, цуглаанаар бид нүүрсний хулгайг ил болго, ард түмний алдагдсан боломжийг олгож, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд хулгайн мөнгө, төгрөгийг ашиглаач гэсэн санал, санаачилгыг гаргасан.
Үүнтэй холбоотой Монгол улсын Засгийн газар, Сангийн яам, ХНХЯ-д шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу 2022 оны 11-р сарын 25-ны өдөр Сангийн яам, 29-ны өдөр ХНХЯ-аас хариу ирсэн. Ингэхдээ эл асуудлыг хууль хүчний байгууллагаар шалгагдаж байгаа, анхаарал хандуулж буй гэж хэлсэн.
Гэтэл бидний тавьсан шаардлагыг үл тоомсорлосноос болж ард түмний туйлдаж, ядарсны илэрхийлэл нь энэ жагсаал болж байгаа юм. МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо, Засгийн газар бол нийгмийн түнш. Болохгүй байгаа асуудлыг үйлдвэрчний эвлэлийн байгууллага шахаж, шаардаж сануулсан. Иргэдийн зүгээс ажил хаялт хийхийг шаардаж байгаа. Ажил хаялт хийх зайлшгүй шаардлагатай бол бид зохион байгуулахад бэлэн. Гэхдээ эдийн засгийн хүнд нөхцөлд ажил хаялт зарлавал тухайлбал эрүүл мэндийн салбар олон хүнд эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй байх үр дагавар үүснэ.
Хөдөлмөрийн хуулийн 25, 26-дугаар зүйлд ажил хаях эрхийг зөвхөн МҮЭХ-нд олгосон байдаг. Намууд, байгууллагууд ажил хаялтад уриалж байна. Энэ бол хууль ёсны биш гэдгийг анхааруулж хэлмээр байна.
Иргэн А.Батзориг:
Нүүрсний хулгай бол мөсөн уулын зөвхөн оргил нь. 30 жил Монголын ард түмний газар доорх хэвлийн баялгийг бүгдийг нь тоноод, зөөгөөд дуусгасан. Хэдхэн хүнээр туг тахиад энэ хэрэг дарагдаад өнгөрнө. Монголын ард түмнийг хуурч болсон. Бид нар дарлуулж ханалаа. Залуучуудын мөрөөдөл гадагшаа явах л болсон. Одоо бүгдээрээ нэгдэн тэмцээд “Манан”-аас салъя. Би үүнийг л хүсэж байна.
Иргэн Б.Хулан
Би улс төрөөс хол хүн. Урдах ажлаа хийгээд л явдаг. Мөрөөрөө ажиллаад, амьдраад явж байхад “Зүгээр зогсож байхад зүүгээр хатгадаг шиг” ийм л юм болоод байна. Өнөөдөр би ээжүүдийг төлөөлж, өөрийнхөө үр хүүхдийн төлөө гэр бүлийнхэнтэйгээ, ээжтэйгээ хамт ирж жагсаж байна. Хүүхдийнхээ цэцэрлэгийн цагийг дуустал тэмцэхээр ирсэн нь энэ.
Иргэн С.Баянмөнх:
Хувь хүнийхээ үүднээс улс эх орныхоо төлөө, залуустайгаа дуу хоолойгоо нэгтгэхийн тулд ирлээ. Зохиомлоор ирсэн хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ амьдралын болохгүй, бүтэхгүй бодит үнэнийг хэлэхээр ирсэн хүмүүс байгаа гэж найдаж байна. Ерөнхий сайд гарч ирээд ард иргэдийн төлөөллөөс оруулъя гэж хэллээ. Гэвч энэ асуудал нохойнд яс хаяж өгч байгаа юм шиг замхрахгүй байгаасай. 4, 40 өдөр байсан ч хамаагүй бид үр дүнд хүрэх нь чухал. 100 хүн оруулна гээд таръя гэхэд яг үнэндээ итгэж чадахгүй байгаа юм. Хаврын жагсаалын үр дүн өнөөдөр гараагүй, нөхцөл байдал хэвээрээ байгаа учраас энд үзэл бодлоо илэрхийлж байна.
МҮЭХ-ны Хүний эрх, хуулийн газрын мэргэжилтэн М.Саранцацрал
Ажил хаях гэдэг асуудал 1999 оны хуулиар хөдөлмөрийн хамтын маргаан, 2022 оны 01-дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн сонирхлын маргаан юм. Энэ бол тухайн маргааны тэмцлийн хурц хэлбэр.
Дараах 5 тохиолдолд ажил хаялт зарладаг. Нэгдүгээрт ажил олгогч тухайн хуульд заасан хугацаандаа хамтын гэрээ хэлэлцээртээ оролцоогүй бол, хоёрдугаарт хамтын гэрээ хэлэлцээр хийсэн үед ажил олгогчоос болж зогсонги байдалд орсон, гуравдугаарт эвлэрүүлэх арга хэмжээнд оролцохгүй байх, мөн хөдөлмөрийн зуучлалын шатанд орохоос татгалзсан, үр дүнд ороогүй бол эцэст нь арбитрын үйл ажиллагаанд орохоос татгалзсан тохиолдолд ажил хаялт хийдэг.