Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл хуралдлаа
2022.12.05

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл хуралдлаа

Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, тус зөвлөлийн даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, дэд даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан томилогдсон билээ.

Энэ хүрээнд шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр анхны хурлаа 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдөр бүх аймаг, дүүргийн салбар зөвлөлийн дарга нарыг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр хийлээ.

Тус хуралд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн даргаД.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, зөвлөлийн дэд дарга Т.Аюурсайхан, ХЭҮК-ын дарга Ж.Хунан болон бусад албаны хүмүүс оролцов.

Хуралдааны үеэр ХЭҮК-ын дарга Ж.Хунан

Комиссын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлд онцгойлон анхаарч ирсэн. ХЭҮК-оос жил бүр УИХ-д өргөн барьдаг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийн зургаад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асуудлыг тусгасан байдаг.

ХЭҮК-т 2020-2022 онд 13 гомдол, мэдээлэл ирсэн. Эдгээр ирсэн мэдээлэл тус бүрт хяналт, шалгалт хийж шийдвэрлэх арга хэмжээ авч ажилласан. Комисст ирж байгаа гомдол, мэдээллээс үзвэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ялгаварлан гадуурхах үзэгдэл ихсэж байгааг онцгойлон анхааруулж хэлэхийг хүсэж байна" гэлээ.

Түүнчлэн ХЭҮК-оос ирэх 2023 онд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах асуудалд онгойлон анхаарч ажиллахаа илэрхийлээд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдлэг, ойлголт, хандлага өөрчлөх сургалтын төсвийг байгууллагынхаа төсөвтөө тусгаж байхыг хүслээ.