Жалгын нэг тарсан хот айлыг нэгтгэн хоршоо, нөхөрлөл болгох нь зүйтэй
Хуралдааны эхний асуудал Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив.
Үүний дараа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Одоо үйлчилж байгаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар Хөдөлмөр эрхлэлтийн сангаас хувийн жижиг аж ахуй, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд нэг жилийн хугацаатай 1 сая хүртэл хэмжээний зээл олгож байгаа бөгөөд харин зээлийн хүүг нь Хөдөлмөр эрхлэлтийн сангаас даадаг юм байна. Иймд цаашид зээлийн хэмжээг нэмэгдүүлж, хугацааг уртасгах үүднээс хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа ажээ.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийн сангаас 2008 онд 13 тэрбум төгрөгийн зээлийг 7900 иргэн, 200 гаруй аж ахуйн нэгжид зээл олгож ингэснээр 28 мянган ажлын байр нэмэгджээ. Хуралдааны явад Хөдөлмөр эрхлэлтийн сангаас малчид зээл авч чадахгүй байгаа, цаашид туслах малчин авч ажлын байраар хангасан малчдыг тухайн сангийн зээлд хамруулдаг больё гэсэн саналыг гишүүд гаргаж байв.
Түүнчлэн жалгын нэг тарсан хот айлыг нэгтгэн хоршоо, нөхөрлөл болгох нь зүйтэй, ажил олгогч гэж чухам хэн болох, зөвхөн мянгат малчин ажил олгогч уу, 40-50 малтай малчин ажил олгогч болох уу гэдгийг тодорхой болгомоор байна. Мөн ажилтай болж байгаа хүний цалин хөлсний жишгийг яаж тогтоох, ажил олгогч гурвалсан гэрээ байгуулж Хөдөлмөр эрхлэлтийн сан баталгаажуулах уу, эхний 6 сарын цалингийн 60 хувийг нь нөхөн олговор хэлбэрээр Хөдөлмөр эрхлэлтийн сангаас олгох нь зөв үү зэрэг асуултыг тавьж байлаа.
Монголд хамгийн том ажил олгогч гэж малчдыг үзэх ёстой. Зөвхөн малчдад зээл олгох асуудал биш. Бүх жижиг дунд үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчид хамрагдана. 2006 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт тодорхой үр дүнгээ өгч байна гэж үзээд зээлийн хэмжээг 3 сая хүртэл төгрөг болгон хугацааг 3 жил болгон сунгах, ингэхдээ одоо олгож байгаа нэг жил хүртэлх хугацааны зээлийг барьцаагүй, ирээдүйн орлогоор нь барьцаалахаар төсөлд тусгаад байгааг төсөл санаачлагчид тайлбарласан.
Харин зээлийн хүүг Хөдөлмөр эрхлэлтийн сангаас даадаг хэвээрээ үлдэх юм байна.
Ингээд хуралдаанд оролцсон гишүүд өнөөдөр нийгмийн хамгийн тулгамдсан асуудал ажилгүйдэл болоод байгаа энэ үед гишүүдийн санаачилсан уг хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирэх хуулийн төсөлтэй уялдуулан хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж дэмжлээ.
Үүний дараа Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны даргад нэр дэвшүүлсэн МАХН-ын бүлгийн саналыг сонсов. Өмнө нь тус дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Арвин Байнгын хорооны даргад дэвшсэн тул түүний оронд УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнг Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны даргад санал болгосныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэнээр байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.