Тува улс руу Монгол улсын 15 аймгаас 680,5 мянган толгой малыг гаргахаар боллоо
2009.11.02

Тува улс руу Монгол улсын 15 аймгаас 680,5 мянган толгой малыг гаргахаар боллоо

ОХУ-ын БН Тува Улсын засгийн газрын дарга ноён Шолбан Валерьевич Кара-Оолыг Монгол улсад ажлын айлчлал хийж байгаатай нь холбогдуулан Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Т.Бадамжунай уулзаж ярилцлаа.

Хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар хоорондын хамтын ажиллагааны талаар болон хил хоорондын зарим үйл ажиллагааг түргэн шуурхай шийдвэрлэх боломж нөхцлийн талаар ярилцлаа. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2009 онд ОХУ-д экспортлох үржлийн хонь, ямааны тооны квот хязгаарыг тогтоож энэ хүрээнд Монгол Улсын 15 аймгаас 327,5 мянган толгой хонь, 353,0 мянган толгой ямаа, нийт 680,5 мянган толгой малыг гаргах зөвшөөрлийг олгоод байгаа юм.

Энэ ажлыг эрчимжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд талууд санаачлага гарган ажлыг шуурхайлах тал дээр тогтож ярилцсан. Мөн манай улсын цаа бугын удмын санг хамгаалж, өсгөн үржүүлж, цус сэлбэхэд шаардлагатай байгаа цөөн тооны үржлийн цаа бугыг ОХУ-ын Тува Улсаас энэ оны 11 сарын 15-ны дотор нийлүүлэхээр хийсэн гэрээг ажил хэрэг болгох, үүнтэй холбоотой мал эмнэлэг, хорио цээрийн асуудлуудыг шийдвэрлэх, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хурал, хоёр орны хоорондын худалдааг либералчлах хурлын үеэр ОХУ-д амьд мал гаргахаас гадна Монгол Улсаас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн нийлүүлэх тухай яригдсан асуудлыг ажил хэрэг болгох, хилийн худалдааг хөгжүүлэх, хилийн боомтын тоог нэмэгдүүлэх, худалдааны аливаа нэг саад тотгорыг үгүй болгох, зарим асуудлыг онцгой хөнгөлөлттэй байдлаар авч үзэх хүсэлтийг Москвад уламжлан шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг БН Тува Улсын Засгийн Газрын даргад манай тал хүсэлт болголоо.

Энэ уулзалтад БН Тува улстай хиллэн оршдог Завхан, Хөвсгөл аймгийн Засаг дарга Я.Санжмятав, Л. Цэрэнжав нарын орон нутгийн төлөөлөгчид оролцож өөрийн аймгуудад БН Тува улстай хамтран ажиллах, хөдөө аж ахуйн зарим боловсруулах үйлдвэр байгуулах асуудлуудаар санал солилцов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.