НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Арвин НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
2009.12.18

НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Арвин НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Д.Арвин Хатагтай Матавэл Аржинтиа Пинтог Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн албанд шинээр томилогдон үүрэгт ажилдаа ороод байгаад талархалтай байгаагаа илэрхийллээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, НББСШУ-ны байнгын хороо НҮБ-ын Хүн амын сантай олон жил үр бүтээлтэй идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч харилцаа хамтын ажиллагаагаа улам нягтруулж, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт анхаарал хандуулан ажиллахаа онцлон тэмдэглэсэн. Мөн ирж буй 2010 он “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” жил болж байгаатай холбогдуулан энэ чиглэлээр хийх ажил их байгааг хэлж, ялангуяа гэр бүл салалтын уршгаар хүүхдийн эрх хохирч байгаа бөгөөд тэдгээр хүүхдийн асуудлыг хэрхэх талаар хуулинд тусгагдсан зүйл заалт байхгүй байгаад анхаарал хандуулан ажиллана гэлээ. Түүнчлэн Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсаныг онцолж хуулийн төсөлд квотын асуудлыг түлхүү анхаарч холбогдох байнгын хороодтой хамтран ажиллахаар төлөвлөөд байгаагаа танилцуулав.

Хатагтай Матавэл Аржинтина Пинто Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд, түүнийг УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон цөөхөн эмэгтэйчүүдийн нэг, мөн одоогийн парламентын 76 гишүүний гурван эмэгтэйн нэг нь гэж сонсоод ихээхэн бахархах сэтгэл төрж байснаа онцлон тэмдэглэсэн.

Тэрээр НҮБ-ын Хүн амын сан нөхөн үржихүйн эрүүл мэнд болон хүн ам, хөгжлийн чиглэлээр үндсэн хоёр томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дуулгаад, цаашид үйл ажиллагаагаа эрчимтэй явуулахад та бүхний дэмжлэг их гэдгийг онцолсон юм. Мөн урьд өмнө нь ажиллаж байсан суурин төлөөлөгчийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ тус байнгын хороотой хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрөө улам боловсронгуй болгон үргэлжлүүлж, харилцан идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хатагтай Матавэл Аржинтина Пинто Мозамбикийн иргэн бөгөөд Португали, Шангана-хэл, Англи, Франц, Испани хэлтэй. Тэрбээр 1995 онд АНУ-ын Вашингтон хотын Амикс олон улсын байгууллагын ахлах төслийн менежер, 1995-2001 онд Мозамбикийн Мапуто дахь Дэлхийн зөн олон улсын байгууллагын орлогч захирал, 2001-2005 онд АНУ-ын Вашингтон хотын Дэлхийн зөнгийн олон улсын хөтөлбөрийн менежер, 2005-2006 онд АНУ-ын Вашингтон хот, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Африкийн бүсийн тусламж, удирдлагын асуудал хариуцсан захирал, 2006-2009 онд НҮБ-ын Хүн амын сангийн Ботсвани улс дахь суурин төлөөлөгчийн албыг тус тус хашиж байгаад 2009 оны 12 дугаар сараас НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллах томилолт авчээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.