Ёс зүйн дэд хорооны дүрмийн төслийг дахин нягтлахаар болов
2009.12.02

Ёс зүйн дэд хорооны дүрмийн төслийг дахин нягтлахаар болов

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрэм батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг өчигдөр Төрийн байнгын хороогоор хэлэлцлээ. Дүрмийн төсөлтэй холбогдуулан гишүүн
Ц.Нямдорж, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Ж.Сүхбаатар, С.Ламбаа, Д.Энхбат, Д.Загджав нарын асуултад ажлын хэсгийн ахлагч Су.Батболд хариулт өгөв. Тэрбээр гурван парламент дамжиж олон жил яригдсан энэ дүрмийг баталбал олон нийтэд эерэг сэтгэгдэл төрүүлэх сайн талтайг онцолж байлаа.

Гишүүн Х.Тэмүүжин: Дэд хорооны дүрмийг Байнгын хороогоор биш УИХ-аар батлах нь зүйтэй, ер нь энэ дэд хороонд парламент дахь олонхи, цөөнхийн төлөөлөл адил тэнцүү байх нь зүйтэй.
Ч.Сайханбилэг: Дэд хороо нь зөрчил гаргасан гишүүдийг сануулах, цалинг нь хасах биш харин ёс зүй зөрчсөн, зөрчөөгүй гэсэн дүгнэлтийн аль нэгийг л гаргах ёстой гэсэн байр суурьтай байв.
Харин гишүүн С.Ламбаа: Ийм дүрэм баталбал энэ дэд хороонд орох гишүүн олдохгүй, ер нь үйл ажиллагааны ийм дүрэм хэрэггүй байх, Д.Загджав: Гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиа мөрдөөд ажиллахад болохгүй зүйлгүй,
Д.Энхбат: Дүрэм нь батлагдахгүй юм бол ийм дэд хороо байгаад хэрэггүй юм гэж байлаа.

Харин Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайхан: Энэ удаагийн парламент УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг баталсан нь том алхам болсон. Дэд хороо үйл ажиллагааны дүрэмтэй байх ёстой. Ажлын хэсэгт орсон 11 гишүүн дүрмийн энэ төслийг бэлтгэхэд багагүй цаг зав гаргасан. Гэтэл хуралд суугаагүй зарим нь орж ирээд бусдынхаа хийснийг үгүй болгоод байж болохгүй гэдгээ хэллээ. Ингээд дүрмийн төслийг дахин сайтар нягталж ярилцах нь зүйтэй гэсэн гишүүн Ц.Нямдоржийн гаргасан горимын саналыг байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.