УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир сонгогчидтойгоо онлайнаар уулзав
2009.11.18

УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир сонгогчидтойгоо онлайнаар уулзав

УИХ-ын Тамгын газраас өчигдөр 15.00 цагт онлайн ярилцлагыг Булган аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж, уг ярилцлагад УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир оролцож "Булган аймгийн ХАА-н тулгамдсан асуудлууд, 2010 оны төсвийн хөрөнгө оруулалт" сэдвээр сонгогчидтойгоо санал солилцлоо.

Онлайн ярилцлагыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хөтөлж, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Золбаяр, референт Ж.Чимгээ, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн газрын дарга П.Ганхуяг, ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Түмэндэмбэрэл, Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн С.Цэнд-Аюуш нар оролцсон бол Булган аймгаас Аймгийн ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Засаг дарга М.Оюунбат, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга, ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир онлайнаар сонгогчидтой нь уулзуулж байгаад УИХ-ын Тамгын газар, Булган аймгийн ЗДТГ-т талархал илэрхийлээд Ц.Цэнгэл гишүүн гадаадад томилолтоор ажиллах болсон тул оролцож чадахгүйдээ хүлцэл өчсөнийг дамжуулан хэллээ. Тэрбээр энэ жилийн улсын төсвийн санхүүжилтийн бодит нөхцөл байдалтай холбоотойгоор тусгайлан нэг суманд зориулсан хөрөнгө оруулалт хийгдэхгүй байх магадлалтайг урьдчилан хэлж байв. Эрхэм гишүүн Булган аймагт нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг орон нутгаа төлөөлөн онлайн ярилцлагад оролцож буй та бүхнээс сонсъё гэснээр микрофон аймгийн Засаг даргад шилжлээ.

Аймгийн Засаг дарга М.Оюунбат Булган аймгийн мал өвөлжилт, ургац хураалтын тухай тайлан мэдээллийг тоймлон танилцуулав. Тухайлбал, Булган аймагт бэлчээр талхлагдан даац нь хэтэрснээс өөр бусад аймгуудын малыг отроор өвөлжүүлэхэд хүндрэлтэй байгааг тэрбээр баримт дурдан ярилаа. Үүний зэрэгцээ тус аймагт тулгамдаж буй бас нэгэн асуудал нь мал, махан бүтээгдэхүүний экспорт аж. Цөөн тооны мал экспортлохоор ОХУ-ын хил дээр аваачаад удаж удаж Москвагаас зөвшөөрөл нь ирдэг зэргээр хүндрэл учирч байгааг тэрбээр ярьж байлаа.

Тус аймгийн газар тариалангийн ажлын үзүүлэлт ихэд өөдрөг байгаа нь түүний ярьсан зарим тоо баримтуудаас харагдаж байна. Тухайлбал, Булган аймаг энэ жилийн дүн мэдээгээр, аймгийнхаа хүн амыг гурилаар 150 хувь, төмсөөр 130 хувь, хүнсний ногоогоор 70 хувь хангахуйц хэмжээний ургац авч чаджээ. Тус аймагт усалгаатай газар тариалангийн талбай 1726 га, хүлэмж 1320 м. кв байдаг төдийгүй 137 га талбайд жимс, жимсгэнэ тариалдаг аж. Энэ жилийн хувьд Булган аймаг 1 га тариан талбайгаас дунджаар 18,3 центнер ургац авсан бол зарим бүс нутагтаа 21-30 центнер хүртэл ургац авсан дүн мэдээтэй байна. Засаг даргын амнаас дан ганц сайн мэдээлэл гараагүй. Тэрбээр хадлан тэжээл их авч нөөцлөхөөр борлуулалтгүй ялзарч дуусдаг, зээл авсан тариаланчдын талбай мөндөрт цохиулсан, цахилгаан ба дулааны үнийн өсөлттэй холбоотойгоор ААН-үүд өр зээлтэй байгаа, ЗДТГ зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг зэргээр асуудлуудаа ярьж байлаа.

Дараа нь асуулт, хариулт эхэлж, мал өвөлжилтийн тулгамдсан асуудлуудаар аймгийн удирдлагууд болон ХХААХҮЯ-ны төлөөлөл, УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нарын яриа нэлээд хурц асуудлыг хөндөн ярилцаж байтал Булган аймагт цахилгаан тасарсан тул онлайн ярилцлагыг маргааш өглөө 10.00 цагт үргэлжлүүлэхээр боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.