Чуулган цаг сунган хуралдав
2009.11.06

Чуулган цаг сунган хуралдав

ИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.30-д эхэлж Прокурорын байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд гарсангүй. Иймд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулж санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи буюу 79,2 хувиар тогтоолын төсөл батлагдлаа.

Дараа нь Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дондог танилцуулсан.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, гишүүн Ж.Батсуурь шинээр сургууль төгссөн хүмүүсийн төрийн албанд орох үүд хаалга хаалттай байна. Эдгээр хүмүүс төрийн албанд ажиллах туршлага хаанаас олж авах юм бэ. Байгууллагын явцуу эрх ашгийн хүрээнд захиалга авдаг асуудлыг яаж зохицуулах вэ гэсэн асуултыг хөндлөө.

УИХ-ын гишүүн Д.Дондог одоо мөрдөгдөж байгаа хуулиар төрийн албан хаагч заавал төдөн жил ажилласан байх шаардлагатай гэсэн заалт байхгүй. Тухайн байгууллагаас ирүүлж байгаа ажлын байран дээр ажилласан жилийн босго тавигдаж байгаа гэсэн бол Төрийн Албаны Зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам төрийн албан хаагчийн хамгийн доод гишгүүр буюу туслах түшмэлийн албан тушаал дээр сургууль төгссөн хүн орж ирэх боломжтой байгааг хэлсэн юм.

Мөн гишүүн З.Энхболд хууль өөрчлөгдсөн учраас дүрэмд өөрчлөлт орж байна гэж үзэж байна. Ер нь хэдэн жилийн настай дүрэм гарч байна вэ. Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдлаа гэхэд би болох гэж байгаа гээд урьдчилаад зарлаад явдаг хүн бий болсон. Тийм учраас төрийн албаны зөвлөлд хүмүүс итгэхээ больсон. Түүнчлэн төрийн албан хаагчдад олгодог олон урамшууллыг багасгахгүй бол төрийн албанд орохоор зүтгэж байгаа хүмүүсийн тоо багасахгүй гэлээ.

Д.Дондог гишүүн Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм шинэ хууль гарсантай холбогдуулан өөрчлөгдөж байгаа. Хэдий хэр настайг мэдэхгүй. Амьдрал баян тул хууль өөрчлөгдвөл дагаад өөрчлөгдөнө. Төрийн ажлаас өөр ямар нэг бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг нь хуулиар хориглож, насаараа төрд ажилласан хүмүүсийг төр хаяж болохгүй гэсэн байр суурьтай байлаа. Харин Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин төрийн албаны нийт ажил үйлчилгээг ангилах хэрэгтэй. Төрд зайлшгүй байх шаардлагатай хэсгийг үлдээж, шаардлагагүй ажил үйлчилгээг тусд нь гаргаж, цомхон болгон цэгцлэх цаг нь болсон гэдгийг хэлсэн юм.

Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан гарсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжье гэдэг дээр санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэнээр тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байнгын хорооноос гаргасан саналын дагуу анхны хэлэлцүүлгээр батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжиж уг хуулийн төсөл батлагдлаа.

Үүний дараа Эх орны хишиг сангийн тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд олгох мөнгөний хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоол,Эрдэнийн хувийн /Баянмонгол корпораци/ тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ дахь АН, МАХН-ын бүлгийн ахлагч нар хуулиудын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгах горимын санал гаргаж гишүүдийн 65 хувийн саналаар уг санал дэмжигдэв.

Ингээд Байнгын хорооны дэмжсэн Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эх орны хишиг сангийн тухай хуулийн төсөл, УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Эрдэнийн хувийн тухай хуулийн төслүүдийн нэгтгэсэн “Хүний хөгжил сангийн тухай” хуулийн төслийг бүхэлд нь дэмжих, Хүний хөгжил сангийн тухай хуулийн төслийн 3.2.1-д “төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг,” гэсний дараа “хувьцааны борлуулсаны орлого” гэж нэмэх, Хүний хөгжил сангийн тухай хуулийн төслийн 15 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн бүрт 1,5 сая төгрөгийг тус сангаас хишиг, хувь хэлбэрээр хүртээсний дараагийн санхүүгийн жилээс эхлэн мөн хуулийн зөвхөн 3.2.3-т заасан орлогоос хишиг, хувь хүртээнэ” гэсэн заалт нэмэх саналуудыг дэмжье гэдэг дээр санал хураалт явуулж уг саналууд гишүүдийн дэмжлэгийг авав.

Харин Байнгын хорооны дэмжээгүй 14 саналаас нэг нь ч гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй бөгөөд харин Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор байнгын хорооны дэмжсэн саналуудыг гишүүд дэмжлээ.

Санал хураалт дууссаны дараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргшааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг тус тус авч хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороодод шилжүүлснээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.