“Улс төрийн санхүүжилт, сонгогчдын үйл байдал, Япон, Солонгос, Монгол улс” эрдэм шинжилгээний хурал болжээ
Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүд “Улс төрийн санхүүжилт, сонгогчдын үйл байдал, Япон, Солонгос, Монгол улс” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Японы ЭСЯ-тай хамтран зохион байгуулжээ.
Энэ талаар УИХ-ны гишүүн Ц.Мөнхцэцэг: "Хуралд илтгэл тавьсан Япон, Солонгосын эрдэмтдийн илтгэлүүдээс харахад Монголын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал 1980-аад оны сүүлч оны эхэн үеийн Япон, Солонгосын нөхцөл байдалтай тун ойролцоо байна. Тухайлбал, 1988 онд Recruit хэрэг буюу Recruit хэмээх нэртэй компани охин компанийнхаа хувьцааг улс төрчдөд тараасан хэрэг буюу улс төрчид бохир мөнгөтэй хутгалдсан дуулиант хэрэг гарсан нь Японы түүхэн дэх улс төрийн хамгийн том дуулиан байлаа.
Тиймээс улс төр дэх мөнгөний нөлөөг багасгах, хувь улс төрчийн нөлөө өндөр байдаг нэр дэвшигч төвтэй улс төрийг өөрчлөхийн тулд 1994 оны Улс төрийн санхүүжилтын тухай 4 багц хуулийг баталжээ. Гол өөрчлөлт нь улс төрчид болон улс төрийн намд өгөх ААН, хувь хүний хандивыг хязгаарлаж, төрөөс улс төрийн намуудад санхүүжилт олгох болсон явдал аж.
Улмаар 1996 онд сонгуулийн мажоритар тогтолцоог өөрчилж холимог систем нэвтрүүлсэн байна. Ийнхүү улс төрийн санхүүжилтын шинэчлэл, сонгуулийн тогтолцооны шинэчлэлийн үр дүнд сонгуульд саналаа өгөхдөө улс төрийн намд нь ач холбогдол өгч саналаа өгдөг хүмүүсийн тоо ихэд нэмэгдэж, хувь хүнийг харж саналаа өгдөг сонгогчдын тоо тэр хэмжээгээр цөөрч улс төрийн нам төвтэй сонгуулийн тогтолцоо бүрдсэн байна. Мөн Японы эрх баригч ЛАН доторх фракцуудын жин нөлөө ихэд буурч намын нэгдмэл байдал нэмэгджээ.
Түүнчлэн улс төр, сонгууль дахь мөнгөний нөлөө багасч, хувь гишүүнээс гардаг санхүүжилт үлэмж багассан. Тухайлбал, жилд парламентын нэг гишүүн 100 сая иен орчим иен зарцуулдаг байсан бол одоо тийм их санхүүжилт шаардлагагүй болсон.
Хамгийн сонирхолтой нь улс төрийн санхүүжилт ба сонгуулийн тогтолцооны энэхүү реформын үр дүн Коизумиг ЕС байх үед буюу 2005 оны сонгуулиар тод харагдсан явдал. Өөрөөр хэлбэл шинэчлэлийн үр дүн 10 жилийн дараагаас гарч эхэлжээ.
БНСУ-д Японтой адил сонгуулийн болон улс төрийн санхүүжилтын шинэчлэл хийж байгаа ч холимог тогтолцоон дахь мажоритар хувь нь өндөр тул Япон шиг хүчтэй үр дүн гарч чадахгүй байгаа гэж БНСУ-ын Сүнгшил Их сургуулийн профессорууд үзэж байна.
Энэ бүхнээс харахад 1980-аад оны Японы улс төрийн нөхцөл байдал өнөөгийн манай улстай тун ойролцоо бна. Японы Recruit компанийн хэрэгтэй маш төстэй улс төрчид мөнгө санхүүтэй холбогдсон хоёр удаагийн том кейс Монгол улсад гарсан нь 2018 оны ЖДҮ, 2022 онд ил болсон Хөгжлийн банкны хэрэг буюу төрөөс олгох хөнгөлөлттэй зээлийг улс төрд нөлөө бүхий хүмүүс авсан хэргүүд юм.
Мөн сонгуульд нэр дэвшигч төвтэй сонгуулийн мажоритар системийг Монгол улс 30 жилийн хугацаанд 7 удаагийн сонгуульд хэрэглэж ирсэн нь улс төрийн хөгжлийг боомилж ирсэн билээ.
Тэгвэл бид Япон, Солонгосын адил улс төрийн санхүүжилт, сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг хийхээс өөр гарцаагүй байдалд байна. Миний бие улс төрийн нам, намын санхүүжилтийн хуулийн төслийг ахлан ажиллаж, холбогдох талууд, Олон улсын байгууллага, экспертүүдтэй хамтран ажиллаж байна" гэв.