С.Одонтуяа: Ирэх онд халамжийг бууруулна гэсэн ч хоёр их наяд төгрөг төсөвлөсөн байна
АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанд Монголбанкнаас 2023 оны мөнгөний бодлогын талаар мэдээлэл өгсөн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Үнэнд гүйцэгдсэн төсөв, мөнгөний бодлого орж ирж байна. Олон нийтэд бүх юм сайн сайхан байгаа мэтээр харуулж ирсэн цаг хугацаа одоо үнэнд гүйцэгдэж байна. Эдийн засгийн өсөлтийг 2019 оны түвшинд хэрхэн аваачих вэ гэсэн яриа л болж байна. Засгийн газар экспорт хийх, гадаадын хөрөнгө оруулалт татаж, мөнгө олох ажлыг маш муу хийж байна. Харин өр зээл тавих ажлыг маш сайн хийж байна. Эдийн засаг төрөлжихгүй, төржиж байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Мөн тэрбээр “Хүүхдийн мөнгийг оруулахгүйгээр 590 төгрөгийн халамж өгч байна. Гэтэл төрийн өмчит ААН-үүдэд өгч байгаа татаасанд 985 тэрбум төгрөг зарцуулж байна. Халамжаас илүү татаасын эдийн засагтай улс болсон байна. Тэгш бус байдлыг бий болгосон татаасын талаар Ерөнхий сайдад асуулга тавьж буй”-гаа мэдээллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Монгол Улс сүүлийн зургаан жилд эдийн засгийн маш буруу бодлого явуулсан. Иргэд, ААН-үүд бизнес хийх ямар ч сонирхолгүй болсон. Энэ нь эдийн засагт хамгийн том хор уршгийг авчирч байна.
Ядуурлын хамрах хүрээ бараг 50 хувь болж байна. 2016 онд 1 сая төгрөг буюу 513 ам.долларын цалин авдаг байсан хүн өнөөдөр 290 ам.доллар болсон. Тэгэхээр төр та бүхний халааснаас энэ мөнгийг хулгайлж байна гэсэн үг. Дэлхийн улс орнуудаас мөнгөний ханшаа Монгол шиг алдсан улс байхгүй.
2016 оны 03 дугаар мөнгөний нийлүүлэлт 10 их наяд төгрөг байсан. 2022 оны 08 сард 26.9 их наяд төгрөг болж, бараг гурав дахин нэмсэн. Ийм нөхцөлд ханшаа яаж тогтвортой барих юм бэ. Төрийн арчаагүй байдал олон мянган ААН-ийн үйл ажиллагаанд чирэгдэл учирч, иргэдийн халааснаас гарах төлбөрийн хэмжээ нэмэгдэж, маш их хохирол учирч байна.
2023 онд халамжийг багасгаж, хөдөлмөрт шилжинэ гэсэн. Гэтэл нийгмийн халамжид 2 их наяд төгрөг төсөвлөсөн байна. Шинэ хөрөнгө оруулалтыг зогсоосон гэж ярьж байгаа ч өмнөх онуудын ямар ч шаардлагагүй хөрөнгө оруулалт нь 5.3 их наяд төгрөг болж байна.
Төр баян бол улс баян гэдэг ойлголтоо болих хэрэгтэй. Иргэн баян бол улс баян гэдэг ойлголт руу орох шаардлагатай байна” гэсэн байр суурийг илэрхийлэв.