УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тойргийнхоо иргэдэд гэр олголоо
Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээсээ хойш тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага болон иргэдийнхээ амьдрал ахуйтай танилсан байна. Өнөөдөр тус дүүрэгт төрийн албанд олон жил ажилласан ч орон гэргүй айлын халаасны өрөөнд амьдардаг мөн амьдралын баталгаажих түвшин доогуур гэр хөлслөн суугаа иргэд цөөнгүй байдаг аж. Хэдийгээр төр засгаас иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа ч уг хөтөлбөрт хамрагдах төлбөрийн чадвартай иргэд олон биш, хугацааны хувьд удаан байх учир УИХ-ын гишүүн С. Эрдэнэ тэдгээр иргэдийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Монгол гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлээд байгаа юм. Уг хөтөлбөрт хамрагдсан иргэд өнгөрсөн амралтын өдрүүдэд эрхэм гишүүнээс таван ханатай өрх цагаан гэр гардан авлаа. Тэрээр энэ онд тус дүүргийн 100 өрх орон гэртэй болсон бөгөөд ирэх онд “Монгол гэр” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж дахин 100 гаруй иргэдийг гэр оронтой болгохоор ажиллаж байна.