Хөдөлмөрийн хяналтын өнөөгийн байдал уулзалт ярилцлага болж өндөрлөлөө
Энэ сарын 25-нд МХЕГ-аас Хөдөлмөрийн хяналтын өнөөгийн байдал сэдвээр уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Уулзалтыг МХЕГ-ын дэд дарга Д.Гүньбазар нээсэн бөгөөд НХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч Д.Хадхүү, МХЕГ-ын Санхүү хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын улсын албаны дарга Д.Батмөнх, МҮЭ-ийн дарга С.Ганбаатар, МАОЭНХ-ны дарга н.Ганбаатар нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн төгсгөлд уулзалтанд оролцогчид санал бодлоо илэрхийлж, харилцан ярилцаж, зөвлөмж боловсрууллаа. Дээрх уулзалт ярилцлага хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд нээлттэй байлаа. Холбогдох албаны хүмүүсийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагаас товч хүргэе.
Монголчуудын үнэлэмжийг дээшлүүлье, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбараар тогтооё.
Улсын хэмжээнд хөдөлмөрийн хяналтын 55, хөдөлмөрийн эрүүл ахуйн 33, нийгмийн хамгааллын 44 байцаагч тус тус ажиллаж байгаагаас МХЕГ-т хөдөлмөрийн 2, хөдөлмөрийн эрүүл ахуйн 1, нийгмийн хамгааллын 2 байцаагч ажиллаж байна. Гэвч тэр бүр хүрч ажиллаж чадахгүй байгааг үгүйсгэхгүй. Сүүлийн жилүүдэд үйлдвэрийн осол нэмэгдэж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал буурахгүй байгаа нь барилга, уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил нөлөөлж байгаа боловч урьд нь нарийвчлан тоо гаргаж байгаагүй, дарж байсантай холбон тайлбарлаж болно. Барилгын салбар, Уул уурхайн салбарт хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр хийсэн нэгдсэн шалгалтын дүнг холбогдох яаманд хүргүүлсэн. Мэргэжлийн байгууллагын зүгээс зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дотоодын хяналтын системийг бий болгох, зөвлөмж зөвлөгөө өгч, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байгаагийн эхлэл нь өнөөдрийн уулзалт ярилцлага юм. Энэ уулзалтаас гаргах үр дүн, зөвлөмж хүн бүрт хүрч чаднаа гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн хяналт шалгалтын явцад ажиллагдсан нэг зүйл бол уул уурхай, барилгын салбарт ажиллаж байгаа ажилчдын цалингийн асуудал бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбараар тогтоох нь зүйтэй, мөн монголчууд үнэлэмжийн асуудлыг ярих цаг болсон. Учир нь гадаад ажилтан монгол ажилтан хоёр адилхан ажил хийж байгаа ч цалин эрс тэс байна. Цаашид бид энд анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөж байна.
НХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч Д.Хадхүү
МХЕГ-тай жилд 15 асуудлыг тусган гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн уулзалт оны өмнө болж байгааг олзуурхаж, уулзалтаас гарсан зөвлөмжийг үндэслэн 2010 оны төлөвлөгөөндөө асуудлыг тусгах болно.
Хариуцлагатай ажиллая, бид өөрсдөдөө үүрэг авч байна.
Өнөөдрийн уулзалтанд ач холбогдол өгч байна. Бид хөдөлмөр хамгааллын тухай биш хүн хамгаалах тухай ярьж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага онцгой сайн ажиллахыг хичээж байгаа. Гэвч 55 улсын байцаагч 50 мянга гаруй аж ахуй нэгж байгууллагуудад хүрч ажиллаж чадахгүй. Үйлдвэрчний эвлэлээс орон нутаг бүрт итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ажиллуулах үлгэрчилсан дүрэм гаргаад байгаа. Төлөөлөгч урьдчилан сэргийлэх, асуудлыг ил гаргаж, харин улсын байцаагч холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч хамтран ажиллах боломж байна. Иймд үйлдвэрчний эвлэл хариуцлагатай ажиллая, бид өөртөө үүрэг авч байна. Улсын байцаагчдаа тусалдаг баруун гар нь байж, ажил хийх боломжийг олгоё.
Ийнхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө. Ирэх долоо хоногт уулзалт ярилцлагын үр дүн, зөвлөмжийн талаар мэдээлэх болно.