2022.10.07
Ц.Мөнхцэцэг: Нийгмийн тэгш, шударга байдлыг хангаж хүүхдийн мөнгийг ялгаварлалгүйгээр олгох нь зүйтэй
УИХ-ын чуулганы /2022.10.07/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
Өндөр хэрэглээ бүхий боломжийн айл өрхийн гээд хүн амын 9%-ийн хүүхдийн мөнгийг танахаар оруулж ирж байна. Үүнтэй санал нийлэхгүй. Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш. Энэ бол ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт. Тэр дундаа нийгмийн тэгш байдал, шударга ёс, эв санааны нэгдлийг гол үнэт зүйл болгодог МАН-ын Засгийн газраас ийм бодлого хэрэгжүүлэх нь нийгмийн шударга ёсонд нийцэхгүй. Улс орнуудын жишгээр хүүхдийн мөнгийг нийгмийн статус, эцэг эхээс үл хамааран ижилхэн олгодог. Тиймээс нийгмийн шударга ёсны зарчмын дагуу хүүхдийн мөнгийг эн тэнцүү олгох ёстой.
Хоёрдугаарт хүүхдэд оруулж байгаа хөрөнгө оруулалтыг улс орны стратегийн том хөрөнгө оруулалт гэж үзэх ёстой юм. Улс орнуудын хөгжлийн гол бодлого нь хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтууд хамгийн чухалд тооцогддог. Тиймээс энэ асуудлыг манай МАН-ын гишүүд, нийгмийн шударга ёсны үзэл баримтлалыг дэмждэг хүн бүхэн дэмжих байх. Үүнд Сангийн яам, ХНХЯ ямар байр суурьтай байна вэ?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.