2022.03.31

Н.Наранбаатар: Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн хэрэгжилт тааруу байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.31\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг сонсов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр цаг хугацааны хувьд дундаа орж байгаа боловч гүйцэтгэл 19,5%-тай байна гэдэг бол хэрэгжилт тааруу, цаашдаа нэлээн анхаарч ажиллах шаардлагатай гэж дүгнэж байна. Тухайлбал боомтын бүтээн байгуулалт, төмөр зам холбох ажил гүйцэт дуусаагүй, Тавантолгойн дулааны цахилгаан станцын ажил эхлээгүй, нүүрс баяжуулах болон зэс боловсруулах үйлдвэр эхлээгүй, “Хөх морь” төсөл болон олон барилгын ажил хөрөнгө санхүүгүй зогссон байна.

Мөн тойрогтоо ажиллаж байх үед иргэд олон саналууд хэлсэн. Багцлаад дурдвал, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн үнэ, түүнийг дагаад төрийн албан хаагчдын цалин хөлсний асуудал их яригдаж байна. Төрийн албаны шалгалтын босго оноо өндөр, цалин бага, хөдөө орон нутагт төрийн албан хаагчдын амьдрах орон сууц болон ажиллах нөхцөл байдал муу байгаа учраас ажиллах хүчин хомсдож, түүнийгээ дагаад иргэдийн төрийн үйлчилгээ авах байдал хангалтгүй байна. Мөн экспортыг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Цөлжилт, усжуулалтын асуудал, орон нутгийн эмнэлэгүүдийн санхүүжилт, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн өдрийн хоолны мөнгө бага байгаа асуудал, багш, сурган хүмүүжүүлэгч нарын техник, тоног төхөөрөмжийн дутагдал, байгаль орчин сүйтгэж буй асуудлууд, аймгийн төвийн агаарын бохирдол, хууль эрхзүйн орчны асуудал, шүлхий өвчний асуудал зэрэг маш олон шийдэх асуудлууд байна.