2022.10.07
Г.Амартүвшин: Тансаг хэрэглээний татварын асуудлыг хэзээ оруулж ирэх вэ
УИХ-ын чуулганы /2022.10.07/-ны өдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
Төсөв орж ирэхээс өмнө тансаг хэрэглээний татварыг оруулж ирнэ гэж ярьж байсан. Энэ маань орж ирэхгүй хаягдчих шиг боллоо. Жишээлбэл өндөр үнэтэй том оврын суудлын автомашины импортод онцгой албан татвар нэмж эдийн засгийн хөшүүрэг болгон оруулж ирнэ гэсэн хүлээлттэй байсан. 100 сая төгрөгний үнэтэй автомашин, 100 саяаас дээш үнэтэй машины импорт нийт автомашины импортын 35 хувийг эзэлж байна. Энэ бол том хөшүүрэг болно гэж хараад байгаа.
2023 онд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр төсөв, мөнгө батлуулж байгааг дэмжиж байна. Гэхдээ үүнийг дагаад шинээр импортоор орж ирэх буруу талдаа хүрдтэй машины тоог хязгаарлах хэрэгтэй. Машины тоогоо хязгаарлахгүй бол нэмж зам, гүүр бариад түгжрэлийн асуудлаа шийдэхгүй. Эдийн засгийн хөшүүргээр нь татварын тоог нь шат дараатай жилээс жилд хязгаарлах нь зөв. Одоо хос хөдөлгүүртэй хайбрид машины импорт татварын хөнгөлөлт эдэлж байгаа. Үүнийг эргэж харах цаг нь ирсэн юм биш үү?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.