“Багшаа магтъя” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний 101 жилийн ой, дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийн баярын өдрийг тохиолдуулан “Багшаа магтъя” хүндэтгэлийн арга хэмжээ МҮЭСТО-нд /2022.10.05/ боллоо.
Энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн боловсролын салбарын төлөөлөл багш, албан хаагчид болон тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид оролцлоо.
Хүүхэд багачуудыг мэдлэг, боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, шинэ үеийн иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг хүлээсэн сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баярын мэнд хүргэе.
Дүүргийнхээ боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сурган хүмүүжүүлэгч багш нарын ур, чадварыг дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангах хүрээнд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид нэг баг болон хамтран ажиллаж олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү ажлын нэгээхэн хэсэг нь 2016 оноос эхлэн их бүтээн байгуулалтын ажил өрнөж өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг 9 дүүргээ тэргүүлж байна. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд 14 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Өнөөдрийн үйл ажиллагааны үеэр 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн сурагчид болон багш, Ерөнхий боловсролын сургуулиудыг шалгаруулж, мөнгөн шагналаар урамшууллаа.
Мөн Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчдыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Боловсролын тэргүүний ажилтан, БШУЯ-ны жуух бичиг, НИТХ-ын хүндэт тэмдэг, Нийслэлийн боловсролын газрын шилдэг ажилтан, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын хүндэт тэмдэг, Биеийн тамир спорт хорооны жуух бичиг, Биеийн тамирын тэргүүний ажилтан, СӨБ-ын байгууллагын шилдэг ажилтан, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэрэмжит шагнал зэргээр тус, тус шалгаруулж урамшууллаа.