Чөлөөт бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ
2022.09.23

Чөлөөт бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 8-18-нд болж, Монгол улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор 20 тамирчин өрсөлдөж, таван медальтай ирсэн юм.

Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ дэлхийн дэвжээнд гарамгай амжилт үзүүлсэн баг тамирчин, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналыг батламж гардуулав.

Тэрээр баг тамирчдад хандан “Бээжин-2008” зуны олимпын наадмаас алтан медаль хүртсэн амжилтыг Парисын дэвжээнд буухиалахыг хүслээ.

Монголын чөлөөт бөхийн тамирчдаас Белград хотод болсон ДАШТ-ээс 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл мөнгө, 50 кг-д Д.Отгонжаргал мөнгө, 53 кг-д Б.Хулан мөнгөн медаль хүртсэн бол 57 кг-ын жинд З.Занабазар, 61 кг-д Н.Наранхүү нар хүрэл хүртсэн билээ. Энэ амжилтаараа Монголын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн цомд өрсөлдөхөөр болсон юм.