Спортын заал танхим жендерийн эрх тэгш хуваарилттай байх ёстой
УИХ дахь биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн даргын хувиар миний бие спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх бодлогын асуудалд идэвхтэй анхаарч оролцдог.
Спортын байгууламж, нийгмийн зориулалттай барилга байгууламжуудын зориулалт, зохицуулалт хуваарилалт жендерийн мэдрэмжтэй байх ёстойг энэ хугацаанд маш ихээр анзаарсан.
Учир нь спортын заал танхим, цэнгэлдэх хүрээлэн, нийтийн зориулалттай гадаах спортын талбай яваандаа эрэгтэй хүүхдүүд тоглодог газар болон хувирдаг. Охидууд биеийн тамир, спортоор хичээллэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхгүй бол сулдаа болох, ясны сийрэгжилт, хөдөлгөөний дутагдалд нэрвэгдэх зэрэг олон эрсдэлтэй.
Иелийн их сургуулийн нэгэн судалгаагаар, “Төсвийг жендерийн мэдрэмжтэй хуваарилах, дэд бүтэц байгууламжийг анхнаас нь хүн амын тавин хувийнхаа нүдээр харж хийж төлөвлөвөл оновчтой” гэж дурдсан байдаг.
Энэ бүхнийг харгалзан үзээд Миний бие Европарламентын гишүүн Норберт Нойзерт хүсэлт тавьж, санал болгосны үндсэн дээр түүний санаачилсан “Kick for help” хэмээх хөгжиж буй улс орнуудын өсвөрийн хөлбөмбөгийг дэмжих төслийг Монголд хэрэгжүүлж байгаа билээ.
Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 2 болон 16 дугаар сургуулиуд 2021 оны 9 сараас хамрагдаж, хичээлийн бүтэн жилийн хугацаанд сургуулийн дэргэдэх хөлбөмбөгийн өсвөрийн клубийн үйл ажиллагааг тогтворжуулах, системтэй сургалтыг бий болгоход анхаарч ажилласан. Үүнээс хамгийн том ололт нь 16 дугаар сургуулийн хөлбөмбөгийнклубын дэргэд 9-10, 11-12 насны охидын багийг бүрдүүлсэн явдал байлаа.
“Kick for help” төсөл Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2 болон 16 дугаар сургуулиуд дээр амжилттай хэрэгжиж байна.