Монголын бүх ард түмний спортын XV наадмын шилдгүүд тодорлоо
2022.09.20

Монголын бүх ард түмний спортын XV наадмын шилдгүүд тодорлоо

Уг наадмын шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-19-нд болж, 26 спортын шилдгийн шилдгүүд тодорч, Спортын төв ордонд хаалтын үйл ажиллагаа боллоо.

Хаалтын үйл ажиллагааны үеэр амжилт байгуулсан баг тамирчдад шагнал гардуулах ёслол болсон. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ОХУ-ын Спортын сайд О.Матыциний зөвлөх Калмыков Степан Владимирович, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх М.Болд, Монголын үндэсний паралимпын хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нар оролцлоо.

21 аймаг, есөн дүүргийн баг тамирчид 11 өдрийн турш хурд хүч авхаалж самбаагаа сорьж, олон онцгой амжилтыг тогтоолоо.
Тэд нийт 624 багц медалийн төлөө өөрсөлдснөөс 333  буюу 51,3 хувийг аймгууд291 буюу 46,6 хувийг нийслэлийн дүүргүүд хүртсэн амжилт гаргажээ.
21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 624 багц медалийн төлөө өрсөлдөхөд багийн нэгдсэн дүнгээр дүүргүүдээс Баянзүрх дүүрэг 101 медаль (49 алт, 31 мөнгө, 21 хүрэл), аймгуудаас Хэнтий аймаг 49 медаль (23 алт, 18 мөнгө, 8 хүрэл) хүртсэнээр түрүүллээ. Харин хүчний байгууллагаас "Алдар" спорт хороо 123 медаль (56 алт, 38 мөнгө, 29 хүрэл)-тайгаар тэргүүлсэн байна.

Их наадмын хүрээнд биеийн тамир спортын ажилтан, дасгалжуулагч тамирчдын нийгмийн болон хүн хоорондын харилцаа хандлага, ёс зүй, эрүүл ахуйн соёлыг нэвтрүүлэх, нийгэмд эерэг нөлөө үзүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа нь зохих эерэг хандлага үзүүлж байсныг УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ онцолсон билээ.

Монголын бүх ард түмний спортын наадмын шилдэг спорт холбоогоор Монголын таеквондогийн холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын волейболын холбоо, Монголын самбо бөхийн холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын гимнастикийн холбоог шалгарчээ.

Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын төрлөөс Монголын үндэсний парахөнгөн атлетикийн холбоо, Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн ширээний теннисний холбоог шалгаруулсан байна.

Энэ удаагийн наадмын анхан шатны тэмцээн гуравдугаар сараас гурван үе шаттайгаар орон даяар өрнөсөн бол шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-нөөс эхлэн спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-д болсон юм.