Авлига бол эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг
Авлига нь улс үндэстнийг доройтуулдаг аюулт үзэгдэл хэмээн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхэлсэн газар үзэж байна. Тиймээс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 12 дугаар сарын 9-нийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан билээ. Энэ өдрийг Монгол Улсын Авлигатай тэмцэх газар гурав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Нийгэм, эдийн засгийн хөгжлийг чөдөрлөж, хөрөнгө оруулалтыг зогсоон, боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог доройтуулдаг учраас АВЛИГА-ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ хэмээн томъёолж байна. Ээж, аавдаа дөнгөж ирээд эмнэлгийн тусламж авч чадалгүй буцаад явчихсан энхрий үрс эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн золиос болж байгаа. Эмчид өгөх хахуулийн мөнгө эхэд нь байгаагүй тул хорвоод мэндэлсэн бяцхан хүүгийн амь нас аврагдсангүй. Тийм учраас авлигыг эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг хэмээн НҮБ-аас дэлхий дахинаа сонордуулж, авлигатай бүх нийтээрээ тэмцэхийн чухлыг сануулж байна.
Ихэнх хүн авлигыг амьдралын тогтсон хэвшил гэж ойлгодог. Гэвч хүн бүр авлигын эсрэг “ҮГҮЙ” гэж хэлж чадвал улс орон нь, нийгэм нь, салбар нь, хувь хүн өөрөө ч хожно гэдэгт НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид нэгдсэн улс орнууд санал нэгдэж байна.