2009.11.30

Б.Бат-Эрдэнэ: Ч.Сангарагчаагийн асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаатай холбоотой асуудлаар Тусгай хяналтын дэд хороо дүгнэлтээ гаргасан. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо хэзээ хуралдах вэ?

-Хурлаа хийнэ. Ирэх долоо хоногт зарлагдах болов уу. Энэ долоо хоногт зарлагдаагүй байна. Ерөнхийдөө УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар орон нутагт томилолттой ажилладаг шүү дээ. Зарим нь орон нутагт, нөгөө хэсэг нь гадаадад томилолттой байгаа. Гишүүдийн ирц бүрдэхээр хурлаа хийнэ. Буруу, зөрүү ойлголтыг өгөөд байна л даа.

УИХ, Хууль зүйн байнгын хорооны зүгээс ажил хийхгүй байгаа юм шиг. Энэ бол үнэнд нийцэхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ямар нэгэн хууль зөрчсөн асуудал энд байхгүй. Хуульд заасан хугацаанд нь Хууль зүйн байнгын хороо асуудлыг гурван удаа авч хэлэлцсэн. Тал талаас нь нарийвчлан авч үзсэн. Улсын ерөнхий прокуророос тавьсан асуудлын гол нь гүйцэтгэх ажлын хууль, тогтоомжийг зөрчсөн гэж байгаа.

Тийм учраас гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шалгах эрхтэй байгууллага нь хуулийн дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хороо байдаг. Тийм учраас манай байнгын хороо гурван удаа хуралдаад хаврын чуулган завсарлахаас өмнө Тусгай хяналтын дэд хороонд асуудлыг шилжүүлсэн. Ингээд тусгай хяналтын дэд хороо асуудлуудаа авч үзээд, бидэнд санал дүгнэлтээ ирүүлсэн. Энэ дагуу бид хуралдана.

-Тэгэхээр ирэх долоо хоногийн хуралдаанаар Ч.Сангарагчаагийн асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн үг үү?

-Хэлэлцэж л таарна. Асуудлыг аль болох шуурхай хэлэлцээд, нэгдсэн чуулганаар оруулаад, шийдээд явна байх.

-Намрын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооноос ямар, ямар хууль, тогтоолын төслүүд дээр ажиллах вэ?

-Манай байнгын хороо их ачаалалтай ажиллана. Монгол Улсын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлд багтсан олон хуулийн төсөл, асуудлууд байгаа. Энэ асуудлуудыг төлөвлөгөөний дагуу шахуу ажиллаж шийдвэрлэнэ. Намрын чуулганы хугацаанд Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хаврын чуулганаас дамжиж ирсэн Цагдаагийн байгууллагын тухай хууль, Албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг шинэчлэх, бүртгэх журмыг өөрчлөх тухай зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.