Хахууль авсан орлогч прокурор нэг жилийн хорих ялаар шийтгүүллээ
Хан-Уул дүүргийн шүүх Сэлэнгэ аймгийн орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэд холбогдох хээл хахуулийн хэргийг энэ сарын 24-ны өдөр шийдвэрлэсэн байна.
Аймгийн орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн Батбаярын үйлдсэн эрүүгийн хүнд гэмт хэрэгт хяналт тавьж байхдаа хэргийг хэрэгсэхгүй болгохоор амлан, аймгийн Эрүүл мэндийн газрын дэд дарга Төгсжаргалаар зуучлуулан иргэн Батбаяраас нэг сая төгрөг хахуульд авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасны дагуу Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Энэ хэргийг өнгөрсөн тавдугаар сард анхан шатны шүүх шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүх Ш.Болд-Эрдэнэд арван сая төгрөгийн торгуулийн ял, мөн прокурорын ажил эрхлэх эрхийг тодорхой хугацаагаар хасах шийтгэл оногдуулж байв.
Яллагдагч анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдсан бөгөөд давж заалдах шатны буюу Нийслэлийн шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дагуу Авлигатай тэмцэх газар уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусаад, Ш.Болд-Эрдэнэ нь нэг сая төгрөгийн хахууль авсан нь хангалттай нотлогдсон үндэслэлээр хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн.
Хан-Уул дүүргийн шүүх аймгийн орлогч прокурор Ш.Болд-Эрдэнэд нэг жилийн хорих ял, мөн прокуророор ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хасах шийтгэл оногдуулжээ.