2009.10.29

Су.Батболд: Ерөнхийлөгч АТГ-ынханд зааварчилгаа өгч болохгүй шүү дээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хурлаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн анхдугаар хэлэлцүүлгийг явууллаа. Э.Бат-Үүл гишүүн төсөлд парламентийг чадваржуулах талаар тодорхой тусгасангүй гэж шүүмжиллээ. "Мэргэжлийн судалгааны төв, ажлын алба байдаггүйгээс манай УИХ-ын гишүүд "супер хүмүүс" болчихдог. Ноолуураас эхлээд л геополитик хүртэл бүх л салбараар цээжний бангаар ярьж байдаг биднийг гадныхан шоолох юм байна шүү" гэсэн Э.Бат-Үүл гишүүний саналыг бусад гишүүн ч дэмжиж байлаа. Харин Су.Батболд гишүүн Авилгатай тэмцэх газрын даргыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас дуудаж авчраад "байцаадаг нь" хуульд нийцэж байна уу, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ үүнийг зөв гольдролд оруулах хэрэгтэй гэж байв. Түүний энэ саналтай Д.Дэмбэрэл дарга ч санал нэгдэв. Тэрээр "Ерөнхийлөгчийн Тамгын газрын гаргаж байгаа үйлдэл буруу. АТГ-ыг нэг институцын харъяа юм шиг хандаж болохгүй. Авилгатай тэмцэх газрын хэн нэгний хардлага сэрдлэгээр ажил явуулдаг болгох гээд байна" хэмээсэн юм. "Үндэсний шинэтгэлийн хороо ер нь чиг үүргээрээ ажиллаж байна уу. Дарга нь сонины дугаар алгасахгүй ярилцлага өгөх юм. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч1 юм шиг харагдаад байна" гэсэн Су.Батболд гишүүний дараагийн асуултад ЗГХЭГ-ын дарга Б.Долгор "Шинээр байгуулагдсан агентлагт алдаа дутагдал байгаа байх. Үүнийг анхааръя. Гэхдээ шинэтгэлийн хороо хуулиар олгосон чиг үүргийн дагуу ажлаа хийж байгаа" гэж хариулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд "сайд, агентлагийн дарга нар төсвийн мөнгөөр өөрсдийгөө сурталчилдгийг болих хэрэгтэй" гэсэн шүүмжлэлийг Б.Долгор сайдад дайлаа. Байнгын хорооны хурлын дараа СУ.БАТБОЛД гишүүнээс цөөн зүйл тодруулав.

 

-Байнгын хорооны хурал дээр та нэлээд бухимдангуй байна. Өчигдөр ч, өнөөдөр ч ингэж харагдлаа. УИХ-ын гишүүд нь чадваргүй, агентлагийн дарга нар нь өөрсдийгөө рекламдаад...

-Парламентын гишүүнээр хэн ч сонгогдож болно л доо, сонгодог утгаараа. Хуульд заасан насны хязгаарт хүрсэн л бол боловсрол, ажил албан тушаал хамаагүй. Харин парламентын гишүүн байж төрийн бодлого боловсруулна гэдэг өөр асуудал. Бас хуулиар зохицуулаагүй уламжлал гэж бий. Иймэрхүү юм зөрчигдсөн учир л бухимдсан юм.

-Төрийн албаны зөвлөлийн дүрэм хэлэлцсэн хурал дээр 20 жил явж ирсэн уламжлалыг дүрэм журмаар өөрчлөхгүй шүү гэхийг тань сонссон.

-Төрийн албаны дүрмийг хэлэлцэхдээ Төрийн албаны тухай хуулийн үндсэн зарчмыг хөндөж болохгүй биз дээ. Төрийн албаны тухай хуулийн зарчмаар төрийн төв байгууллагадаа төрийн захиргааны хамгийн дээд албан тушаалтан нь төрийн нарийн бичгийн дарга. Нутгийн захиргааны байгууллагад бол аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга. Тэд улс төрийн албан тушаалтан болох Засаг дарга, сайд нараас хараат бусаар ажилладаг. Гэтэл төрийн албаны салбар зөвлөлийг тэр хараат бус албан тушаалтнаар биш, өөр албан тушаалтнаар хийлгэнэ гэснийг нь эсэргүүцсэн. Тэр зарчмыг хөндөж болохгүй ээ.

-Бас Авилгатай тэмцэх газрын удирдлагуудад Ерөнхийлөгч "жараахай биш загас барь" гэх нь ч зарчим хөндөж байгаа юм биш үү?

-Бас л тийм. Зөвхөн авилгаар мэргэшиж, бусад бүх хүнийг авлигач, өөрөө ганцхан цэвэр шударга юм шиг улс төрийн тоглолтууд хийж болохгүй ээ.Авилгатай тэмцэх тухай хуулийг батлахдаа аль болох хараат бус байдлыг нь хангасан. Аль нэг төрийн институцын хараанд аваачих юм бол өөрийн зорилтоос Авилгатай тэмцэх газар хазайна.Авилгатай тэмцэнэ гэдэг нэг талдаа их хүнд.Нөгөөтэйгүүр жаахан л хальтирвал хэлмэгдүүлэлт болчихдог. Тийм учраас л хараат бус байдал маш чухал. Ерөнхийлөгч ч, УИХ-ын дарга ч, Ерөнхий сайд ч энэ байдалд нь халдаж болохгүй. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Авилгатай тэмцэх газрын даргыг дуудаж авчраад шалгаж байгаа хэргээ танилцуул гэж болохгүй шүү дээ. Бас олон нийтийн зөвлөл гэж байна. Байж болно л доо. Харин зүгээр нэг гудамжинд улс төрийн тэмцэл хийж байсан хүмүүсийг л оруулж болохгүй. Одоогийн зөвлөлд улс төрийн хүчнээс дэмжлэг авч байсан,маргаан тэмцэлд оролцож байсан, сонгуульд нэр дэвшиж байсан хүмүүс хүртэл байна лээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.