Төрийн албан хаагч болохын тулд авлига өгчээ
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэн С төрийн албанд томилогдон ажиллахын тулд боловсролын диплом хуурамчаар үйлдсэн, мөн Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн даргад хээл хахууль өгөхийг завдсан хэрэгт холбогдон, ялтан болжээ. Иргэн С нь Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газарт нийгмийн бодлогын ажилтнаар түр томилогдон ажиллаж байхдаа төрийн жинхэнэ албан хаагч болж ажиллахын тулд төрийн албаны шалгалт өгөх хүсэлт гаргасан байна. Гэвч Төрийн албаны тухай хуулиар нийгмийн бодлогын ажилтан нь эмч, багш мэргэжилтэй хүн байх ёстой гэж зохицуулж өгсөн учир эдийн засагч мэргэжилтэй тэрээр уг ажлын байрандаа төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдон ажиллах боломжгүй байдалд хүрчээ.
Ингээд нийгмийн халамжийн ажилтнаар ажиллах хүсэлт гарган, төрийн албаны шалгалт өгч тэнцсэн ч боловсролын диплом хуурамчаар үйлдсэн нь илэрч, асуудал үүсчээ. Энэ үед тэрээр Төрийн албаны салбар зөвлөлийн даргад "Миний ажлын байрны асуудал, амьдралыг шийдэж өгч туслаач" хэмээн цаасанд боодолтой мөнгө хээл хахуульд өгөхийг завдсан байна. Энэ хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, тогтоогоод, прокурорт шилжүүлсний дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхээс хээл хахууль өгөхөөр завдсан хэрэгт нь иргэн С -д хоёр жилийн хорих ял шийтгэж, ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, биеийн эрүүл мэндийн байдал нь сайнгүйг тодорхойлсон эмчийн тодорхойлолттой зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, хоёр жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах ял шийтгэл оногдуулсан байна.
Түүнчлэн хээл хахуульд өгөхөөр завдсан мөнгийг нь төрийн сангийн орлого болгох шийдвэр гаргажээ. Төрийн албанд томилогдон ажиллахын тулд хээл хахууль өгөхийг завдсан дээрх хэрэг 2009 оны долдугаар сарын 16-нд үйлдэгдсэн учир Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн үйлчлэлд хамрагдахгүй юм.