Су.Батболд: Авлигатай тэмцэх ажил Ерөнхийлөгчийн албан үүрэг юм шиг харагдах боллоо
УИХ-ын гишүүн Су.Батболдтой АТГ-ын талаар уулзаж ярилцлаа. Тэрээр сүүлийн үед АТГаар оролдох хэрэггүй гэсэн хатуу шүүмжлэлийг Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынханд тавих болсон юм
-Сүүлийн үед та Авлигатай тэмцэх газрыг өмгөөлөх маягтай асуудалд хандах боллоо. Саяхан хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр ч та ийм байр сууриа илэрхийлээд авна лээ?
-Авлигатай тэмцэх асуудал бол төрийн маш чухал ажлын нэг л дээ. Авилгал гэдэг үзэгдэл ганцхан Монголд байдаг юм биш. Нийгмийн бүх л үед байсан. Ялангуяа ардчилал, зах зээлийн тогтолцоотой орнуудад Авилгал нь цуг л явж байдаг үзэгдэл юм. Монгол орон сүүлийн жилүүдэд ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш авилгалын асуудалд ихээхэн өртөх болсон. Өнөөдөр өндөр хөгжилд хүрсэн улс орнуудын хувьд ч ялгаагүй энэ асуудлыг ярьдаг, хөгжил дорой улс орнуудад ч уг асуудал хөндөгдөж л байдаг. Ер нь дэлхий дээрх бүх л шударга хүмүүс энэ асуудлыг авч хэлэлцдэг л дээ. Энэ утгаараа ганцхан Монголд байдаг зүйл биш шүү дээ. Бидний хувьд сүүлийн жилүүдэд энэхүү асуудлыг. ярилцаад УИХ дээр авлигатай тэмцэх хуулийг баталж, бие даасан, хараат бус байгууллагыг байгуулсан нь авлигатай тэмцэхэд хийсэн томоохон үсрэлт болсон. Энэ хуулийг гаргах гээд түрүү түрүүчийн олон удаагийн парламент дээр семинар зохион байгуулж, гаднаас олон зөвлөхүүдийг авч ирж ярилцаж байлаа. Мөн Иргэний нийгэм, төр, судлаачид оролцсон олон удаагийн уулзалт, семинарыг хийсний эцэст ерөөсөө энэ байгууллага төрийн аль нэгэн интитуциэс хамааралтай биш, бие даасан, хараат бус байгууллага байх ёстой гэсэн шийдэлд хүрээд хуулиа гаргаж, АТГыг байгуулсан. Энэ утгаараа бие даасан, хараат бус байдалд нь халдах гэсэн оролдлого гарч ирнэ гэдгийг бид өмнө нь тооцоолсон гэсэн үг. Магадгүй Засгийн газар, УИХ, эсвэл бүр Ерөнхийлөгчийн зүгээс хараат бус байдалд нь халдах гэсэн оролдлого гарна гэдгийг мэдэж байсан учраас энэ бүгдийг бий болгохгүйн төлөө АТГ-ын хууль, эрхзүйн орчинг зохицуулсан.
Гэтэл сүүлийн үед өрнөж буй үйл явдлыг хараад байхад Авлигатай тэмцэх гэдэг ажил Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан үүрэг юм шиг, эсвэл АТГыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас удирдаж, чиглүүлэх гээд байгаа мэт оролдлого харагдах боллоо. Мэдээж АТГыг бид аль болох хараат бус байлгахын төлөө эхнээсээ зохицуулсан болохоор аль нэгэн байгууллага АТГ-ын үйл ажиллагаанд оролцох шаардлага байхгүй. Ийм л асуудлыг би хөндөөд байгаа юм л даа.
-Үнэхээр ч Ерөнхийлөгч, АТГ хоёрын дунд дайн болоод байгаа мэт сөрөг үзэгдэл нийгэмд харагдах болсон. Тайлангаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгсөнгүй гэж дарга нь, Ерөнхийлөгч хүртэл уурссан сураг гарсан. Уг нь тэдний тайланг Ерөнхийлөгч үзэх шаардлагагүй юм билээ?
-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бодлого боловсруулахаасаа илүү аппаратаа л удирддаг албан тушаалтан. АТГ ч Засаглалын аль нэг аппаратад очиж ажлаа тайлагнах ёсгүй. Хэрвээ тайлагнах, ил гаргах шаардлага гарвал хуулийн хүрээнд заасны дагуу төлөөллийн байгууллагадаа тайлагнах учиртай. Тэр битгий хэл АТГ-ын дарга, удирдлагууд УИХ-ын даргад ч ажлаа олон удаа тайлагнах шаардлагагүй. Тайлагнавал УИХ-д л тайлагнана.
-АТГ-ын удирдлагууд өөрчлөгдөнө гэж яригдаад байгаа. Өөрчлөгдлөө гэхэд Ерөнхийлөгчийн зүгээс дарга, дэд даргыг санал болгодог уу?
-АТГ-ын даргыг хуулийн хүрзэнд нь ажиллуулах хэрэгтэй. Тэр ч үүднээсээ бид хуулийг нь баталгаажуулж өгсөн. Хэн нэгэн Ерөнхийлөгч солигдох, эсвэл улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөх болгонд АТГ-ын даргыг сольдог байж болохгүй гэх үүднээс томилогдох хугацааг нь зааж өгсөн. Өөрөөр хэлбэл зургаан жилийн хугацаанд АТГ-ын даргыг сольж болохгүй. Хэрэв наана нь ажлаа явуулж чадахгүй хэмжээнд хүрвэл өөрчилж болно. Түүнээс биш өнгө үзэмж, хэн нэгэн даргын шийдвэрээр АТГ-ын даргыг өөрчлөх ёсгүй. Харин АТГ-ын одоогийн удирдлагуудыг өөрчлөх асуудал албан ёсоор УИХ-д ирсэн юм алга. Ер нь хараат бус байгууллагууд болох шүүх, прокурор, АТГ, Төрийн албаны зөвлөл гэсэн газруудыг оролдох хэрэггүй. Эдгээр байгууллагуудын хараат бус байдлыг хангах үүднээс бид хуулийн өөрчлөлт хийж ирсэн шүү дээ. Тийм ч болохоор сонгуулийн үр дүнгээр эдгээр байгууллагуудын удирдлага солигддог, үйл ажиллагаанд оролцдог байж таарахгүй гэсэн зарчмын байр суурь байх учиртай. Арай ч тийм үйлдэл хийхгүй байх гэж бодож байна.
-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг харж байхад ихэвчлэн «нэг талын» хүмүүс байна лээ. Үүнийг та хэрхэн дүгнэсэн бэ?
-Ер нь Олон нийтийн зөвлөлийг ажиллуулж болно. АТГыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тод байлгах үүднээс ийм зөвлөл байж болно. Гэхдээ Олон нийтийн зөвлөлд хэн байх ёстой юм, ямар хүн байх шаардлагатай вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах учиртай. Олон нийтийн зөвлөлд жинхэнэ утгаараа дөрөв дэх засаглалаас, мөн шударга, ёс зүйтэй, зарчимаар нийгэмд алдаршсан, ямар нэгэн нөлөөнд автдаггүй болох нь тодорхойлогдсон хүмүүс багтах ёстой.
Гэтэл өнөөдрийн байгуулсан гээд байгаа Олон нийтийн зөвлөлийг харахад дандаа улс төрийн харъяалалтай, улс төрийн тэмцэл, сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байсан, иргэний хөдөлгөөнд нэгдэж байсан улсуудаас бүрдсэн байна лээ хэтэрхий нэг талын өнгө аясыг хадгалсан хүмүүсээс багаа бүрдүүлж болохгүй шүү дээ. Үүнийг зөвхөн би хэлж байгаа юм биш. Гудамжинд явж байгаа жирийн иргэн ч хэлж байна. Тийм байдлаар Олон нийтийн зөвлөлийг байгуулж болохгүй ээ.
-Ажиглаад байхад Олон нийтийн зөвлөл нь АТГ-ын үйл ажиллагаанд оролцож, дарамтлах шинжтэй харагдаж байсан?
-Тэд тухайн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож болохгүй. Тэр байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд оролцоод түүнийг шалга, үүнийг нягтал гэж яагаад ч болохгүй. Олон нийтийн зөвлөл нь АТГ-ын үйл ажиллагаанд хэрхэн оролцох ёстой вэ гэсэн дүрэм, журмыг заагаад өгчихсөн байгаа шүү дээ. Тэр хуулийнхаа хүрээнд л ажлаа явуулах ёстой.
-Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн тухай хууль АТГ-ын ажлын 80 гаруй хувийг нураачихсан хэмээн яригдаж байсан. Манай Ерөнхийлөгч АТГыг ажлаа сайн хий гэдэг мөртлөө ажилд нь энэ мэтээр саад учруулаад байж болох уу?
-Тэрэнд өршөөл үзүүлнэ, энэнд болохгүй гэх маягаар Өршөөлийн хууль гарч болохгүй. Ерөнхийдөө гэмт хэргийнхээ зүйлчлэлээр л гараад ирэх учиртай. Авилгал, гэмт хэрэгтэй холбоотой хуулиуд нь Өршөөлийн хуульдаа ороод явчихсан юм билээ. Тэдгээр хэрэгтнүүд өршөөгдсөн явдал нь АТГыг буруушаах үндэс болохгүй нь мэдээж. Хуулийг нь хэн өргөн барьж, хэн баталсан билээ. Ер нь бол хэн нэгэн албан тушаал хаших явцдаа анх удаа буруу зөрүү хэрэг үйлдэж болно л доо. Яагаад гэвэл төрийн нэг төгрөг ч хараа хяналттай байдаг. Хэзээ нэгэн цагт энэ хэрэг заавал илэрдэг. Тиймээс анх удаа алдсан хүн хохирлоо барагдуулсан тохиолдолд өршөөгдөхөд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ цаашдаа албан тушаалаа ашиглаж бусдаас хахууль нэхэх, авлига авах асуудлыг таслан зогсоох шаардлагатай. Мэдээж энд нэг авилгалын хэрэг байна гэж хашгирснаар түүнийг таслан зогсоож чадахгүй. Нийгэмд авлига хэмээх хууль бус үйлдлийг дэврээж болохгүй гэсэн сэтгэлзүйг бүрдүүлэх ёстой. Хоёрдугаарт төрийн албан хаагчид ёс зүйн дүрмээ чанд мөрдсөн цагт авлига аяндаа багасах болно.
-Ингэхэд ард түмэндээ үлгэр дуурайл болох ёстой УИХ-ын гишүүд хэд хэдээрээ АТГ-т дуудагдах болсон. Тэгээд хэргийг нь бүрэн шалгачихъя гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь тээг болоод байдаг. Адилхан УИХ-ын гишүүний хувьд энэ бүгдэд ямар дүгнэлт хийдэг вэ?
-Энэ асуудлыг улс орнууд янз бүрээр шийддэг. Нэгдүгээрт парламентын гишүүний бүрэн эрхэд юуг хамааруулах вэ гэдгийг шийдсэн байх учиртай. Бүх гишүүдийн бүрэн эрхийг тусгай, том хамгаалалтад оруулсан байх ёстой юм уу. Эсвэл зөвхөн спикер, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь бүрэн эрх гэдэгтээ хамаарах ёстой юу гээд л.
Яг бүрэн эрх дотор нь гэмт хэрэг үйлдсэн байвал яах юм бэ гэдэг асуудлыг маш сайн хуульчилж өгсөн байдаг. Өнөөдөр тэр нь бүрхэг байгаа учраас яах вэ гэдэг асуудал гарч ирээд байна. Хоёрдугаарт УИХ-ын гишүүнийг сонгож, томилж буй ард түмэн сонгох гэж байгаа хүнээ маш сайн судалсан байх учиртай. Итгэл дааж чадах уу, төрийн хүний ёс зүй бий юу, өмнө нь ямар албан тушаал хашиж байсан юм гээд л. Гуравдугаарт цаашдаа шударга ёсыг тогтооё гэвэл нийгмийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэн бүхнийг ял эдлүүлдэг зарчим руу орох ёстой. Түүнээс тухайн хүний хашиж буй өндөр албан тушаал гэмт хэрэгтнийг хамгаалдаг бамбай байх учиргүй.
Яах вэ, сонгогддог албан тушаалтнуудыг зарим орнууд арай өөрөөр зохицуулсан байдаг л даа. Сонгогчдын эрх ашгийг хөндөхгүй байх үүднээс гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь тогтоогоод орхичихдог юм билээ. Ингээд нөгөө хүний бүрэн эрхийн хугацаа дуусангуут тогтоосон хэсгээсээ үргэлжлүүлээд шалгаад явчихдаг тактиктай орнууд бий. Манай Монгол орны хувьд алийг нь хэрэгжүүлбэл зохимжтой вэ гэдгийг бодох л ёстой.
-АТГ байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд тус газрыг ажлаа хийж чадахгүй байна гээд л шүүмжлэх нь их бий. Таны хувьд энэ байгууллага байгуулагдсанаар үр дүнгээ өгсөн гэж үзэж байна уу, эсвэл?
-Парламент бол зохих ёсны үүргээ гүйцэтгэсэн. Парламент өөрөө хууль гаргаад АТГ хэмээх бие даасан байгууллагыг байгуулна гэдэг нийгэмд маш эерэг нөлөөллийг авч ирсэн. Ер нь энэ чинь болдоггүй зүйл юм байна, би төрийн ажил албыг залгуулсныхаа төлөө цалин пүнлүү авч байгаа хэрнээ үйлчлүүлсэн ард иргэдээс илүү шан харамж авч болохгүй нь гэдгийг хүмүүст ойлгуулахад Хүмүүс гайхаад их хэцүү байсан.
АТГ-ын тухайд ажлыг нь зөвхөн баривчилсан хүний тоогоор үнэлж болохгүй. Эдний бас нэг гол чиг үүрэг нь Соён гэгээрүүлэх явдал. Нийгэмд авилгалын эсрэг шударга ойлголтыг Соён гэгээрүүлэх зарчмаар түгээдэг гэх үү дээ. Өмнөх жилүүдийг бодвол авилгалын тухай ойлголтыг Монголын ард түмэн маш сайн авсан зэргээс үзэхэд АТГ-ыг боломжийн хэмжээнд ажилласан гэж үзэж байна. Үр дүнгээ ч өгч эхэлсэн гэж болно.