"12 дугаар сарын 9-Авлигын эсрэг олон улсын өдө
Авлигын эсрэг олон улсын өдөр 12 дугаар сарын 9-нд тохионо. Одоогоос зургаан жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай ажээ.
Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм. Монгол Улс 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орсон. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болжээ. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдаж ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг Монгол Улсад албан ёсоор өргөн хүрээнд гурав дахь удаагаа тэмдэглэх гэж буй юм байна.
Сонирхуулахад, Конвенцийг баталсан оныхоо 12 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш Мексик улсын Мерида хотод хүндэтгэлтэйгээр байрлуулан, түүнд дэлхийн улс орны тэргүүнүүд гарын үсгээ зуржээ. Түүнээс хойш 2005 оны 12 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд бүх улс гарын үсгээ зурахад нээлттэй үлдээсэн байдаг юм. Авлигын эсрэг олон улсын өдрийг 12 дугаар сарын 9-нөөр тогтон зарласан нь ч үүнтэй холбоотой юм байна.
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх газар олон ажил хийхээр төлөвлөөд байна. Үүний нэг нь “Шударга ёсны төлөө-2009” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ажээ. Дэлхий дахинаа нэр хүндтэй “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагын санаачилсан “Шударга ёсны шагнал”-ын монгол хувилбарыг Авлигатай тэмцэх газар улс орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Өнөөгийн нийгэмд үнэлэгдэхээ больсон шударга ёсны үнэ цэнийг бүтээх, үлгэр дуурайллыг бий болгох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаагаа Авлигатай тэмцэх газар онцолж байна. Өнгөрсөн жил зохион байгуулсан “Шударга ёсны төлөө” шагналаар Монголын улс төрд эрх ашгийн эрэмбийг тогтоосон С.Зориг агсан нэхэн шагнагдаж, өөрийн санаачилгаар авлигын эсрэг нэг жилийн аян өрнүүлсэн “Ийгл” телевиз, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэж хэвшсэн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, авлигын эсрэг идэвхтэй, олон талт үйл ажиллагаа зохион байгуулсан Өвөрхангай аймгийн “Орон нутгийн санаачилга” төрийн бус байгууллага шалгарч байв.
Авлигатай тэмцэх газар “Шударга ёсны төлөө” шагналд төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс нэрээ дэвшүүлэхийг урьж, тэдгээрээс шалгаруулдаг байна. Энэ жилийн хувьд ч “Шударга ёсны төлөө-2009” шагналд нэрээ дэвшүүлэх эрх хэн бүхэнд нээлттэй юм байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn вэб сайтаас авч болох ажээ.