“Төрийн хяналт-Аудит 100 жил" онол, практикийн бага хуралд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, С.Бямбацогт нар оролцлоо
2022.08.25

“Төрийн хяналт-Аудит 100 жил" онол, практикийн бага хуралд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, С.Бямбацогт нар оролцлоо

Монгол Улсад төрийн хяналтын тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Төрийн хяналт-Аудит 100 жил" онол, практикийн бага хурал өнөөдөр (2022.08.25) боллоо.

Бага хуралд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт "Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу улсын урт хугацааны хөгжлийн бодлогод төрийн хяналт хэрэгжүүлэх эрх зүйн үндэс" сэдвээр, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны дарга Б.Баттөмөр “Төрийн аудитын хөгжил, цаашдын чиг хандлага" сэдвээр, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн "УИХ-ын хяналт шалгалтын эрх зүйн шинэ орчин” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Мөн Үндэсний аудитын газрын Аудитын гуравдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдийн уялдааг хангах, түүнд хяналт тавих", “Нээлттэй нийгэм форум”-ын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгааны дүн" сэдвүүдээр хөгжлийн бодлого төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналын асуудалд оролцогч талуудын нэгдсэн мэдээллийн сан, хяналтын системтэй болж төсвийн нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлэхэд түлхэц болохуйц асуудлуудыг хөндсөн үндсэн илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв.

Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэж, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтын 1.2.5-д “төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох;”, 1.2.6-д “төрийн нийтийн өмчийг зохистой ашиглах, зарцуулахад тавих хяналтыг боловсронгуй болгох” гэж тодорхойлсон.

Дээрх үзэл баримтлалын хүрээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай болсноор Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн баталсан байдаг.

Төрийн аудитын тухай хуулийн шинэчлэлээр төрийн нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Мөн төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам тодорхой болж, төрийн санхүү, төсвийн хяналтын хүрээнд хамаарахгүй чиг үүргийг төрийн аудитын байгууллагад бусад хуулиар нэмэгдүүлэхгүй байх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн юм.

Түүнчлэн төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх асуудлыг Үндэсний аудитын газрын цахим хуудаст байршуулж, олон нийт, иргэд нээлттэй танилцах боломжтой болсны зэрэгцээ аудитын байгууллагын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, аливаа дарамт, шахалт, хууль бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргээрээ онцлогтой юм.

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Бага хурлын үеэр хэлсэн үгэндээ, Улсын төсвийн орлого, зарлагад хяналт тавих, төрийн санхүү, төсвийн хяналт (аудит)-ыг хараат бусаар хэрэгжүүлэх, түүний хараат бус байдлыг хангах, төрийн бодлого хяналттай, бодитой хэрэгжих хууль, эрх зүйн нөхцөлийг бүрдүүлсэн. Төрийн аудитын байгууллага нь иргэд, олон нийт, УИХ-ыг бодит мэдээллээр хангаснаар сайн засаглалыг дэмжиж, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэрэгжилтэд дэмжлэг болохыг онцлов.

Мөн төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлснээр төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг төгөлдөржүүлэх, төсөв татвар төлөгчдийн бүрдүүлсэн хөрөнгийн талаарх мэдээллийг иргэдэд бодитойгоор хүргэх боломж бүрдэхийн зэрэгцээ, төрийн аудитын байгууллагын бие даасан хараат бус байдал, баталгаа хангагдана.

Тиймээс цаашид төрийн аудитын байгууллага хуулийн өнөөгийн шинэ орчинд нийтийн эрх ашгийн төлөө иргэдийнхээ амьдралыг сайжруулах стратегид чиглэсэн төрийн аудитыг гүйцэтгэх буюу төрийн санхүү, төсвийг хяналтыг хэрэгжүүлэхдээ өнөөгийн эрх зүйн орчны шинэчлэл, стратегийн хүрээнд “хөгжлийг дэмжсэн стратегийн аудит”-ыг гүйцэтгэхийн чухлыг тэмдэглээд хөгжлийн баримт бичгүүдийн төлөвлөлт рүү чиглэсэн аудитыг шинэ шатанд гаргах хэрэгцээ шаардлага байгааг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт илтгэлдээ дурдсан юм.

Энэхүү онол, практикийн бага хурлын сэдвийн хүрээнд эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллага, төрийн аудитын албан хаагчдаас нийт 50 гаруй хүний оролцоотой 37 илтгэл ирүүлснээс 4 илтгэлийг сонгон шалгаруулж бага хурлын үеэр хэлэлцүүлсэн.

Тодруулбал, “Төрийн байгууллагын мэдээллийн системийн менежментийн аудитыг сайжруулах арга зам” сэдвээр Үндэсний аудитын газрын Мэдээллийн технологийн төвийн шинжээч А.Уянга-Эрдэнэ, СЭЗИС-ийн Ахисан түвшний профессор (Ph.D) Д.Болормаа нар, “Мэдээлэл авах эрх, цахим мэдээллийн технологийн аудитад үр нөлөөтэй ашиглах нь” сэдвээр Ховд аймаг дахь ТАГ-ын менежер А.Цэцэгсүрэн, “Барилгын төсөвт өртгийн давтан тооцоололд зарцуулах хугацаа, түүнийг бууруулах боломж” сэдвээр Сүхбаатар аймаг дахь ТАГ-ын ахлах аудитор С.Ариунбаяр, аудитор Э.Алтансүх нар, “Монгол Улсын аудитын салбарт машин сургалт болон хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх боломж" сэдвээр Мандах их сургуулийн Ахисан түвшний сургуулийн захирал, дэд профессор (Ph.D) С.Цолмон, Мандах их сургуулийн ЭЗБТ-ийн багш, докторант Г.Лхамдулам, УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн референт С.Тэгшжаргал нар тус тус илтгэл тавилаа.

“Төрийн хяналт-Аудит 100 жил" онол, практикийн бага хурлаас төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэхдээ өнөөгийн эрх зүйн орчны шинэчлэл, хөгжлийг дэмжсэн стратегийн аудитыг гүйцэтгэх, аудитын бүхий л үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан болон машин сургалт цахим технологиудыг туршин хөгжүүлэх, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар зөвлөмж гаргах юм байна

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn