С.Ганбаатар: Ёс зүйн хувьд гишүүд өөрсдөдөө албан тушаал бий болгож хууль баталж болохгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
-Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрийг та хэрхэн дүгнэж байна?
-Үндсэн хуулийн Цэц бол аймшигтай том алдаа хийсэн. Үндсэндээ бид Үндсэн хуулийн Цэцийн алдааг шүүж ярих ч эрхгүй хүмүүс шүү дээ. Гэтэл Үндсэн хуулийн Цэц нь өөрөө цагаан дээр хараар бичсэн хуулиа “гайхамшигтайгаар” зөрчлөө. Үндсэн хуулийн Цэц өнөөдөр улстөрчид, эрх баригчдын захиалгат байгууллага болчихлоо.
Үндсэн хуулийн Цэцийн алдааны талаар яривал маш олон зүйл бий. Товчхондоо, Үндсэн хуулийн Цэц байж болохгүй том алдаа хийлээ. Үндсэн хууль дотор ГАГЦХҮҮ ард түмний эрх ашгийн төлөө ард түмэнд үйлчлэх ёстой гэсэн байгаа. Гэтэл тэд эрх баригчдад үйлчиллээ. Монголд Эрүүгийн, Иргэний, Захиргааны гээд 600 гаруй хууль, эрх зүйн баримт бичгүүд байдаг. Тэр олон хуулиуд яаж ард түмнийг хуульчлах тухай байгаа.
Ард түмэн яаж эрх баригчдыг хуульчлах вэ гэдэг нь Үндсэн хууль. Өнөөдөр “эздийнх нь” эсрэг, “эздээс” нь зөвшөөрөл авахгүйгээр Үндсэн хуулийн Цэц том алдаа хийлээ. Улстөрчид шунахай байна. Улстөрчид сайд болохгүй бол өлсөж үхчих гээд байна. Турж үхлээ. Ийм тэнэг байдлаа одоо зогсоох хэрэгтэй.
Бидний 76 гишүүн сонгогдохдоо өнөөдрийн Үндсэн хуулийн түвшинд, эрх зүйн орчинд сонгогдсон. Бид сонгогдохдоо давхар дээлийг байхгүй болгоно гэж амласан. Би эрх баригчдын өмнөөс ичиж байна. Сайд болохын төлөө нүдээ ухахаас буцахгүй байна. Нэр хүнд, ёс зүй гээд бүхнийг уландаа гишгэж байгаад Цэцийн хэдэн тэнэгүүдийг ашиглаж хийж байгаа энэ явдал байж болохгүй зүйл.
Давхар дээл нь улс оронд хэрэгтэй байна гэдэг нь нотлогддог юм бол ядаж өөрсдөө биш, 2024 оноос хойших дараагийн парламент, түүний дараагийн парламентад зориулж өнөөдөр хууль баталж болно. Ёс зүйн хувьд гишүүд өөрөө өөртөө албан тушаал бий болгож хууль баталж болохгүй.
-Давхар дээлтэй болчихвол улс төрийн хувьд хүчтэй болж ажил урагштай байна гэж тайлбарлацгааж байна шүү дээ?
-Бид улс төрийн хувьд хүчтэй болох гэж сонгогдоогүй. Ард түмэнд үйлчлэх гэж сонгогдсон. Тэгэхдээ хулгай хийхгүй гэж сонгогдсон. Засаглалын гурван хэлбэр гэж онол бий. Тэр нь, шийдвэр гаргаж байгаа хүн ялангуяа мөнгөний тухай шийдвэр гаргаж байгаа хүн мөнгөө өөрөө зарцуулдаггүй. Мөнгөө зарцуулж байгаа хүн, мөнгөний тухай шийдвэр гаргаж байгаа хүн хоёроос тусдаа хүн энэ хоёр хавсайдаж байна уу үгүй юү гэдгийг шалгадаг.
Үүнийг улс төрийн талаас яривал УИХ улсын төсвийн тухай шийдвэр гаргадаг. Төсвийг Засгийн газар, Ерөнхийлөгч биш УИХ-ын гишүүд баталдаг. Гишүүд батлахдаа сургууль уу, цэцэрлэг үү, зам уу, төмөр зам уу гэж баталдаг. Харин түүнийг нь хэрэгжүүлдэг захиран зарцуулдаг хүн нь Засгийн газар, сайд нар. Энэ хоёрыг хулгай хийж байна уу гэдгийг шалгадаг нь шүүх засаглал. Тиймээс энэ гурвыг тусдаа байх ёстой гэдэг. Жишээлж хэлбэл, төрийн өмчит компанийн захирал нь ерөнхий небо-гийнхоо ажлыг давхар гүйцэтгэж болдоггүй гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө төсөв баталдаггүй. Өөрөө өөртөө тайлан тавьдаггүй гэсэн санаа.
Үнэхээр УИХ-ын гишүүн сайд байх ёстой юм бол өөрөө өөртөө шийдвэр битгий гаргаач, та нар ичих сэтгэлтэй байгаач гэж хэлээд байгаа юм. Онолын үүднээс яривал Англид Их хурлын гишүүд нь давхар дээлтэй байж болдог. Англи 600 гаруй парламентын гишүүнтэй. Түүний 20 сайд хийхэд цаана байгаа 580 гишүүн нь нөгөө сайдуудаа “А, Б”-гүй хянадаг. Манайд 76 гишүүнээс 20 орчим нь сайд болчихвол хяналт тавих боломжгүй болчих гээд байдаг. Энэ тогтолцооны асуудлыг ярих ёстой. Миний зарчим бол өөрөө өөртөө мөнгө зарцуулдаг эрхээ битгий өгөөч ээ. Ядаж ард түмнээсээ ичээч гэж байгаа юм.
-Тэгвэл гишүүдийнхээ тоог нэмж байж энэ тогтолцооны гажгаас гарна гэж ойлгож болох уу?
-Гишүүдийн тооны асуудлаар эрдэмтэн, судлаачдын дүгнэлт гаргах хэрэгтэй. Гишүүдийн тооны асуудлыг гишүүд өөрсдөө шийдэж болохгүй. Би гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж болохгүй, эсэргүүцэж болохгүй. Үүнийг ард түмэн шийднэ. Ард түмэн шийдэхэд хангалттай судалгаа тооцоолол, үндэслэлүүдийг гаргаж өгөх нь бидний ажил.
Үндсэн хууль ард түмний санал асуулгаар шийднэ. УИХ дийлэнх олонхоороо ЁСЧЛОН батална гэж үг бий. Ёсчлон гэдэг нь бичиг баримтын түвшинд баталгаажуулна гэсэн үг. УИХ Үндсэн хуулийг баталдаг бус, ёсчлон баталдаг. Харин ард түмэн түүнийг баталгаажуулж шийдвэр гаргадаг. Бусад бүх хуулийг УИХ баталдаг. Ард түмэн хэрэгжүүлдэг. Адуу хулгай хийсэн хүнийг яаж шийтгэх вэ гэдгийг УИХ-ын гишүүд баталдаг.
Харин улсаа зарсан улстөрчдийг яаж шийтгэх вэ гэдгийг ард түмэн шийддэг. Үндсэн хуулиараа ард түмэн түүнийг шийдэх ёстой. Ялгаа нь энэ. Өнөөдөр өөрөө өөрсдөдөө зориулж Цэцээр захиалгаар шийдвэр гаргуулчихаад өөрсдөө баясаж Үндсэн хууль батлах гээд байгаа нь том жүжиг.
Яах вэ, өнөөдөр эрх баригчид пропогандагаа хийгээд эхэлнэ. Ингэж ярьсан хүнийг яаж будаа болгох тал дээрээ тэд нар мэргэшчихсэн. Тэд бүхэл бүтэн сэтгүүлчдийн армитай. Телевизийн бүхэл бүтэн армитай. Би үнэнийг ярих ёстой.
Р.Хишигжаргал