Дорноговь аймаг 90, 91 жилийн ойн баяраа бүтээн байгуулалтаар дүүрэн угтаж байна
Дорнын говийн үе үеийн хөдөлмөрч иргэдийн бүтээсэн бүхний илэрхийлэл 1942, 1973 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан тус аймаг эдүгээ бүтээн байгуулалтыг түчээлэн 2018, 2019 онд “Монгол улсын Шилдэг аймаг”, 2021 онд өрсөлдөх чадварын үнэлгээгээр 21 аймгаас 1 дүгээрт эрэмбэлэгдэж, түүхт 90 жилийн ойгоо арвин угтаж байна.
Тодруулбал:
1/ Хүүхдийн "Жаргалан" зуслан
Сайншанд сумын 2 дугаар баг /Хамарын хийдийн чиглэлд явдаг замын дагуу/-т хүүхдийн “Жаргалан” зуслангийн барилга угсралтын ажлыг “Энержи парагон” ХХК улсын болон орон нутгийн төсвийн 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.
Хүүхдийн зуслангийн гаднах тохижилт зам талбай, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний ажлыг “Дэлгэр баясах зам” ХХК, орон нутгийн барилгын компаниуд усан бассейн, усан оргилуур зэргийг тус тус гүйцэтгэсэн.
Хүүхдийн зуслан нь амрагч хүүхдийн 28 модон байр, задгай соёлын театр, багш ажилчдын 4 байр, хооллох танхим, нийтийн халуун ус, ариун цэврийн байр, усан бассейн, усан оргилуур зэргээс бүрдэх аж.
Хүүхдийн зуслантай болсноор говь нутгийн хүүхдүүд төдийгүй өөр аймаг сумаас хүүхдүүд ирж амрах боломжтой ба хүүхдүүдийн сурч хөгжих, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрон хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлж байна.
Зуслан нэг ээлжиндээ 112 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. 2022.08.01 өдрөөс эхний ээлжийн амрагч хүүхдүүдээ авахаар бүртгэл эхэлж бэлтгэл хангаад байгаа юм. Нэмэлт мэдээлэл болгоход Дорноговь аймагт өмнө нь Даланжаргалан суманд 1985 онд “Жаргалан” зуслан анх ажиллаж байсан.
2/ Төв цэвэрлэх байгууламж
Сайншанд сумын 2 дугаар багт Азийн хөгжлийн банкны 6,3 тэрбум хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар нийт 12 барилга байгууламжтай хоногт 3000 м3 ахуйн бохир ус цэвэршүүлэх хүчин чадал бүхий нэгдсэн цэвэрлэх байгууламж барих төслийг БХБЯ-ны захиалгаар "Комфорт импекс" ХХК гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгч байна.
Талууд Сайншанд суманд стандарт чанарын шаардлага хангасан цэвэрлэх байгууламжийг 2021 онд багтааж ашиглалтад оруулах талаар ярилцжээ.
Өмнө нь ашиглаж байсан цэвэрлэх байгууламж 1986 онд ашиглалтад орсон бөгөөд тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээс шалтгаалан 1993 оноос технологийн дагуу ажиллах боломжгүй болсон аж.
Сайншанд сумын хүн ам жил бүр өсч эдүгээ 25 мянга орчим болоод байна. Гэтэл өнөөдрийг хүртэл Сайншанд сумын орон сууцнуудаас гарч буй бохир усыг шингээх даланд татан төвлөрүүлж байгальд хаясаар ирсэн.
Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хоногт 1000м3 саарал ус боловсруулж ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэнэ.
3/ Мал эмнэлгийн лаборатори
Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны захиалгаар Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг сайжруулах” төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан, мал амьтны халдварт өвчин, түүхий эд бүтээгдэхүүний ариун цэвэр, хор судлал, эмийн үлдэгдэл зэрэг оношилгоо шинжилгээг орон нутагтаа шуурхай гүйцэтгэх өндөр хүчин чадалтай Мал эмнэлгийн лабораторийг хүлээж авлаа.
Мал эмнэлгийн лабораторийн барилгыг “Өгөөмөрөн-Шанд” ХХК гүйцэтгэсэн бөгөөд “Мед Импекс Интернэшнл” ХХК болон “Сүвэн-Уул” ХХК-уудаас шинээр нийлүүлэгдэх 89 нэр төрлийн 220 ширхэг тоног төхөөрөмжийг угсарна.
Энэхүү лаборатори ашиглалтад орсоноор аймгийн Мал эмнэлэг Химийн лаборатори (малын эмийн үлдэгдэл, пестицид), Гистилоги эмгэг судлал, Хор, халдварт өвчин судлал, хөгц мөгөөнцөр судлалын 4 шинжилгээний тасагтай болж өргөжин, 200 дээжинд нэгэн зэрэг шинжилгээг хийх боломжийг бүрдүүлж байгаа юм.
4/ Халдвартын эмнэлэг
Орон нутгийн хөгжлийн сангийн 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 2 дугаар багт 30 ортой Халдварт, сүрьеэгийн эмнэлгийн барилга угсралтын ажлыг "Төгс-Өнөд" ХХК гүйцэтгэн ашиглалтад оруулахад бэлэн боллоо.
Халдвартын эмнэлэг ашиглалтад орсоноор халдварт болон халдварт бус өвчнийг тусгаарлах стандартын шаардлага хангаж, үйлчилгээний урсгалыг зөв чиглэлд оруулан үйлчлүүлэгчид болон ажиллагсадад ээлтэй орчин бүрдүүлж, халдварт өвчлөлийг бууруулах боломжийг олгоно.
5/ Шизоука хотын нэрэмжит талбай
Шизоука муж, Дорноговь аймгийн найрамдалт хамтын ажиллагааны 10 жилийн ойд зориулан Шизуока хотын нэрэмжит талбайн нээлтийг ёслол төгөлдөр нээлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд ахлах ангийн сурагч солилцох хөтөлбөр, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн инженер бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр, албан хаагчдыг урт хугацааны сургалтад хамрyyлан мэргэшүүлэн чадавхижуулах, “Япон дууг хэн сайн дуулах вэ?” дууны уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг урлаг, соёлын олон арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж, хоёр улсын түүх, ёс заншил, аж амьдралын хэв маягийг сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулж, найрамдалт харилцаа өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна.