2022.04.08

Ж.Батжаргал: Энэ УЦС-ыг дагаад эдийн засгийн ямар шинэ салбарууд хөгжиж болохыг тооцоолох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.08\ нэгдсэн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаарх УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Нэгдүгээрт байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгээр онцгой анхаарал татахуйц, хүндрэл үүсгэж буй, зайлшгүй төр засгийн хэмжээнд шийдэх ёстой асуудлууд бий юу?

Хоёрдугаарт бид бүтээн байгуулалтын том ажлуудыг хийхээрээ ТЭЗҮ зураг төсөл боловсруулаад, хөрөнгө санхүүгээ босгох гээд, гэрээ хэлэлцээрээ хийх гээд явсаар байтал маш олон жилийг алдаж байна. Тэгж байтал технологийн хоцрогдолд орох нь холгүй зүйл болох юм. Тэгэхээр энэ Усан цахилгаан станц дээр одоо цагийн технологитойгоо харьцуулахад ямар станц босч ирэх вэ гэдгийг тодруулмаар байна.

Гуравдугаарт нөлөөллийн буюу орчны бүсэд байгаа өрхийн тоо яригдаж байгаа газар нутагтайгаа харьцуулахад маш том тоо яригдаж байна. Усан сан бүрдүүлэх хүрээнд 10 орчим мянган га газар, нөлөөллийн бүс нь 20 гаран мянган га газар, нийтдээ 30 мянган га газрын л тухай асуудал гэж харж байна. Гэтэл энэ хүмүүс чинь 300,400 мянган га газар хүрэх тухай ярьж байна. Эдгээр тоо, судалгаа чинь нарийн зөв гарсан юм уу?

Төв аймаг Монгол Улсын бүх дэд бүтэц, хөгжлийн том бүтээн байгуулалтуудыг өөрийнхөө нутагт хийлгэж байгаа. Гэтэл одоо болтол нөхөн төлбөрийн тухай асуудал яриагүй. Тэгэхээр бид цаашдын том бүтээн байгуулалтуудад хэрхэн яаж хандах вэ? Дур зоргоороо нөхөн төлбөр авах ёстой гээд яриад байвал энэ үндэстэн хөгжиж чадах уу? Тэгэхээр энэ асуудлыг зөв харж, зохицуулж, том бүтээн байгуулалтыг түшиглээд эдийн засгийн ямар шинэ салбарууд хөгжиж болохыг нарийн тооцоолох хэрэгтэй гэж миний хувьд бодож байна.  

Түүний асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.