2022.04.08

Х.Болорчулуун: Эрдэнэбүрэнгийн УЦС баригдсанаар өртөгөө хэдэн жилийн хугацаанд нөхөх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.08\ нэгдсэн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаарх УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Олон зуун сая доллар зарцуулж Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих гэж байна. Тэгэхээр өртөгөө яг хэдэн жилийн хугацаанд нөхөх вэ?

ОХУ-аас авах 1 киловатт цахилгааны төлбөрийг бууруулахын тулд энэ их өртөг, зардлыг гаргаж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж байгаа гэж ойлгож байгаа. Нэг талаараа ийм том үйл ажиллагаа эрхэлчихээд, нөгөө гараараа сэргээгдэх эрчим хүчний улс оронд хохиролтой гэрээнүүдийг сунгаад байдаг нь ямар учиртай вэ?

Улс оронд хохиролтой гэрээнүүдийг хугацаандаа бариагүй бол цуцлах ёстой. Энэ хохирол нь улс оронд гэхээсээ илүү ард иргэдэд хохиролтой. Үүнээс болж цахилгааны төлбөр тооцоон дээр 3-4 дахин үнэтэй гардаг. Ийм хохиролтой гэрээнүүдийг сунгасан А.Тлейхан даргыг ажлаас нь болиулах хэрэгтэй. Болиулаад зогсохгүй олон зуун тэрбум төгрөгөөр яригдах энэ асуудлыг Авилгалтай тэмцэх газар шалгах хэрэгтэй. Энэ мөнгө ядарсан ард иргэдийн халааснаас гарч байгаа. Энэ асуудалд одоогийн салбарын сайд та ямар бодолтой байна вэ?

Түүний асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.