2022.04.08

Ц.Идэрбат: Арван аймгийн дулааны цахилгаан станцын ажил хэзээ эхлэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.08\ нэгдсэн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаарх УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсож байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: 

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын нэг салбар бол эрчим хүчний салбар. Эрчим хүчний салбар дотроо эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх тал дээр 60 жил яригдсан Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын асуудал сүүлийн үед ахиц, дэвшилттэй явж байна. Энэ бол Эрчим хүчний салбарын яамны ажлын үр дүн. Миний хувьд сайдыг мэргэжлийн хүн гэдэг талаас нь хардаг, олон жилийн өмнө сумын засаг дарга байхдаа Багануур, Зүүн өмнөд бүсийнхэнтэй эрчим хүчний салбар дээр олон ажлын талаар хэлж, ярьж байхад шуурхай, мэргэжлийн түвшинд ажиллаж байсан.

Өнөөдөр ч адилхан Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц болон олон жил яригдсан 10 аймгийн дулааны цахилгаан станцын асуудал байгаа. Ялангуяа Хэнтий аймгийн дулааны цахилгаан станцын ажил бас бий. Энэ ажил /2021,12,27/-ны өдөр Солонгосын гүйцэтгэгч талтай гэрээ байгуулах ажил эхэлсэн. энэ барилгын үйл явц хэзээ эхлэх вэ, тухайн үед 3 сараас эхэлнэ гэж байсан, иргэдийн хувьд ч хүлээлттэй байна.

Төрийн байгууллагуудын маш том урсгал зардал байдаг. Энэ зардал жилээс жилд өсөж байна. Хэнтий аймгийн хувьд маш том урсгал зардлыг хэмнэж,тухайн төрийн байгууллагуудын төсөв дээр байгаа талбайг халааж байгаа эсэхэд судалгаа, шалгалт явуулж  энэ төсвөөс 1 тэрбум төгрөг хэмнэж, хямд өртөгтэй орон сууц барих ажлыг эхлүүлж байсан. Иймд эрчим хүчний салбар дээр дулааны зардлыг эргэж харж, хөрөнгө оруулалт хийх боломж байгаа.           

  Түүний асуултад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.              

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn