2022.03.15

Б.Энх-Амгалан: Төрийн бодлого хөрсөнд бууж байна

Монгол Улсын эдийн засгийг сэргээн тэтгэх, экспортын бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, стратегийн томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ЗГ-ын бодлого, мөрийн хөтөлбөрийн хүрээнд олон бүтээн байгуулалтын ажил санаачлан хэрэгжүүлсний дотор ихэнх нь Зам, тээврийн салбарт хийгдсэн билээ.

Тухайлбал: Баянхонгор-Байдрагийн гүүр хүртэлх 129,4 км авто зам, Алтай, Дэлгэр чиглэлийн 126,7 км засмал зам, Шургын гүүр-Ховд чиглэлийн 53,9 км, Баруун босоо тэнхлэгийн авто замаас-Мөст чиглэлийн 20,3 км засмал, Хашаатын даваанаас-Толбо чиглэлийн 60 км зам гээд олон бүтээн байгуулалт амжилттай дуусч, баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгууд улсын нийслэлтэй хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдсон түүхтэй.

Увсын “Цагаан Дэглий”, Завханы “Доной” нисэх буудлуудын өргөтгөл шинэтгэлийн ажил дуусаж, Говь-Алтай аймгийн хилийн бүсийн Алтай сум, Бугатын Тахийн талын онгоцны буудлуудын шинэчлэл хийгдэн жижиг оврын онгоц хүлээн авах боломжтой болжээ. Түүнчлэн ажил нь эхэлсэн Тосонцэнгэл-Сонгино-Хяргас чиглэлийн 167 км, Загастай-Улиастай чиглэлийн 67 км, Монголын анхны шинэ нисэх буудал рүү чиглэсэн хурдны зам, Налайхын 4 эгнээ хоёр урсгалтай авто замын шинэчлэл, Замын цагдаагийн болоод Онон голын гүүрүүд бүгд ашиглалтад орж нээлтээ хийсэн билээ.

“Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн хувьцааны ашгаар бүтээн босгосон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр зам, Сайншанд-Алтанширээ чиглэлийн 27 км газрын тосны үйлдвэрийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 260 гаруй км өмнөд хил рүү чиглэсэн төмөр замууд амжилттай баригдаж, зарим хэсгийн хөдөлгөөнийг нээх туршилтын тээвэр хийгдэж эхлээд байна. Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм.

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Миний бие 2019 онд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үед Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажлын хэсгийг ахлаж, энэхүү нэр хүндтэй үүргийг ЗГ-аас хүлээлгэж, элсэн говьд томоохон бүтээн байгуулалтын ажлыг анх эхлүүлсэн. Тухайн үед их говьд Монголчууд өөрсдөө төмөр зам тавина, өөрсдөө хөрөнгө оруулалт хийнэ, зам дагуух Хармагтай, Манлай, Дулаан уул, Дөхөм, Таван толгой, Оюу толгой зэрэг стратегийн ач холбогдолтой олон ордын үнэ цэнийг өсгөнө, эдийн засгийн эргэлтэнд оруулна гэхэд гадныхан байтугай бид ч өөрсдөө 100 хувь итгэлгүй байсан үе. Гэхдээ Монголын төр засаг, та бид хамтдаа чадлаа, өмнө нь нэг километр төмөр замыг гадны байгууллагуудаар 3.2 сая ам.доллараар барьдаг байсан бол Монголчууд өөрсдийн хүчээр хоёр дахин бага үнээр буюу нэг километрыг нь 1.2 сая ам.доллараар чанарын өндөр түвшинд бүтээн босголоо. Өнөөдөр Их говь, Ээрэм тал дундуур ган зам зурайж, хөдөлгөөнөө нээж байгаа нь монголчууд бид хийж бүтээж чаддагийг, бидэнд ямар нөөц, хүчин чадал байгааг харуулж байна. Баруун болон Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийг ч мөн өөрсдийн хүчээр барьж байгуулах нөөц бололцоо бүрэн байна" хэмээв.