Б.Дэлгэрсайхан: Шинэ сэргэлтийн бодлогыг оновчтой хурдан явуулахын тулд Засгийн газарт эрхийг нь өгөх нь зөв
Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ.
Ерөнхий сайдын илтгэлийн дараа УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Ерөнхий сайдын оруулж ирж байгаа Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж байна. Ерөнхий сайд илтгэлдээ төр аль болох саад болохгүй байя гэдэг үг маш оновчтой, 6 зүйл том төсөл урагшлах үүд хаалга нээгдэж байна гэж бодож байна.
Гишүүд ч хурдан дэмжиж гаргах байх. Тэгэж байж Монгол Улс урагшлах, хөгжин үүд хаалга нээгдэж, боломж бололцоо бүрдэнэ. Дэлхий нийт тээвэр ложистикийн хямралд өртөөд байгаа. Монгол Улс ч ялгаагүй.
Тийм учраас өнөөдрийн 6 зүйл заалт, дэд бүтэц тэр тусмаа хил орчмын экспортын төмөр замыг хурдан түргэн тавих асуудал хамгийн чухал. Энэ том бүтээн байгуулалтыг төр дангаараа хийж чадахгүй учир төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хурдан эхлүүлмээр байна.
Хоёрдугаарт, эрчим хүчний эх үүсвэрээ яаравчлах хэрэгтэй. Энэ ч мөн ялгаагүй төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэх нь зөв байх. Дээрээс нь байгалийн хий дамжуулах асуудал, ОХУ-д ерөнхийлөгч айлчлах үед ОХУ-ын ерөнхийлөгч ТЭЗҮ-г хийж дууссан гэж албан ёсоор хэлж байна лээ. Энэ ажил ч гэсэн нэлээн урагшлах байх.
Орж ирж буй Шинэ сэргэлтийн бодлогыг оновчтой хурдан явуулахын тулд том төслүүдийг тендер гэхгүй шууд явуулж өгөхгүй бол бид энд тендер яриад хавар болно. Хавар тендертэйгээ ноцолдсоор намар болно. Тийм учраас энэ асуудалд Засгийн газарт эрхийг нь өгчих нь зөв байх гэж бодож байна.
Мөн дээрээс нь Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг үр ашигтай байлгахад Цагаан цавын усыг ашиглах хэрэгтэй гэдгийг Байгаль орчны сайдад зориуд хэлье. Өмнөговь усгүй, Цагаан цавын ус зам дагуу байгаа учраас энд нүүрсээ угаагаад урагшаа Зүүнбаян-Хангийн замаар гаргавал илүү үр өгөөжтэй, зардал багатай юм байна гэж үзэж байгааг минь та нар нэг тооцоолоод үзээрэй.
Ер нь цаашдаа Зүүнбаян-Ханги мандлын төмөр зам тавигдсанаар Тавантолгойн нүүрсний экспортын 30-40 орчим хувийг энэ төмөр зам өөр дээрээ үүрч явах бололцоо байгаа. Цаашдаа ч гэсэн босоо тэнхлэгийн төмөр замуудаа ашиглалтанд оруулах ёстой.
Дараагийн дугаарт, Алтанширээгийн аж үйлдвэрийн паркт нүүрс угаах, төмөр баяжуулах, нойтон аргаар баяжуулах, кокосжуулах үйлдвэр, ган ширэм хайлуулах үйлдвэр баригдаж эхэлж буйтай холбогдуулан Уул уурхайн сайдаас асууя. Нүүрс угаагаад кокосжуулна гээд баахан үйлдвэр барьчихлаа. Гэтэл Өмнөговиос яаж нүүрсээ авах юм бэ? Нүүрс авахын тулд АМНАТ-аа яаж шийдэх юм бэ? АМНАТ-ыг шийдэхгүй бол боловсруулах үйлдвэрүүд чинь дарамтанд орно.
Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар хариуллаа.
Тэдний хариултын дараа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тодруулга авлаа.